Медалиа голсон Трусова уран гулгалтаа хаяна гэв
Өчигдөр болсон Бээжин олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо. Допингийн хэргээр асуудалд орсон Камила Валиева богино үзүүлбэрийн дараа тэргүүлж явсан ч чөлөөт дасгал дээр дараалан алдсаар медалиас мултарлаа. Гэхдээ энэ нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн ганц сенсаац нь байсангүй.
Хоёрдугаар байрт орсон Александра Трусова медалиа голон уйлж, уран гулгалтаа хаяна гэж зарласан төдийгүй Этери Тутберидзе багшдаа бурууг тохлоо.
Трусова олимпын наадмын финалд таван удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн анхны тамирчин болсон. Тиймээс ч түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь гарцаагүй.
Уг нь Саша чөлөөт үзүүлбэрт 177,13 оноо авч, хувийн амжилтаа ахиулсан ч богино үзүүлбэрт унаж, дөрөвдүгээр байрт орсныхоо балгаар алтан медальд хүрч чадсангүй. Харин хоёр удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн Анна Щербакова чөлөөт үзүүлбэрт 175,75 оноогоор хоёрт орсон ч нийлбэр дүнгээр түрүүлж чадлаа.
Телевизийн шууд нэвтрүүлгийн дундуур тэмцээний дараа медальгүй хоцорсон Камила Валиева уйлж байгаа нь гараад дэргэд нь олимпын рекорд тогтоогоод аварга болж чадаагүй Трусова уйлж байгаа нь харагдлаа. Уйлах биш бараг багтран хийрхэсэн гэхэд болно.
“Үзэн ядаж байна” гэж уйлан хашгарах Трусоваг дасгалжуулагч Сергей Дудаков тайвшруулах гэж оролдсон ч бүтсэнгүй. “Би ахиж хэзээ ч мөсөн дээр гарахгүй. Би энэ спортыг үзэн ядаж байна” гээд шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаад байв.
“Надаас бусад нь бүгд олимпын алтан медальтай. Би яагаад алтан медальгүй юм бэ? Үзэн ядаж байна” гэж Трусова хэлсэн. Энэ нь Валиева багийн тэмцээний алттай, Щербакова ганцаарчилсан төрөлд түрүүлсэн гэдгийг хэлж байгаа хэрэг байлаа. ОХУ-ын багийн удирдлага багийн тэмцээнд Трусоваг аль нэг үзүүлбэрт нь Валиевагийн сэлгээгээр оруулахад хоёр охин хоёулаа алтан медаль авах байсан юм. Энэ бол багийн алдаа байсан.
Ёслолд оролцохоор гарахад нь Этери тайвшруулах гэж оролдоход Саша “Та бүгдийг мэдэж байсан. Та мэдэж байсан” гэж хэлээд гарсан. Ёслол дээр багийн анд Аннадаа ч баяр хүргээгүй.
Гэхдээ энэ бол атаархуу охины зан авир биш байлаа. Энэ бол олимпын өндөрлөг өөд унаж босон тэмцсэн, эмэгтэй уран гулгалтын түүхийг өөрчлөн, техникийн хувьсгал хийсэн тамирчны гомдол байлаа.
Мэдээж тэр зодог тайлахгүй байх. Орос пуужин нэртэй Трусова дараагийн олимпод түрүүлэхийн төлөө тэмцэх биз ээ.
https://news.zindaa.mn/4232
URL: