А.Сүхбатын бэр, Ц.Шаравдоржийн хүү, Ч.Ундрамын аав зэрэг хүмүүс ХБ-наас зээл авч, заримыг нь АТГ-аас шалгаж эхэлжээ
Сүүлийн үед Хөгжлийн банк /ХБ/-ны зээлийн асуудал олны анхааралд ороод байна. Учир нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим эрхмүүд өөрсдийн хамаарал бүхий хүмүүсээ зээл авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэж иргэд хардаж буй.
Харин саяхан болсон Засгийн газрын хурлаар /2022.01.26/ “Хөгжлийн банкны зээлтэй холбоотой бүх асуудлыг АТГ-д шилжүүлэх” чиглэлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн гэх мэдээлэл бий. Мөн Хөгжлийн банкнаас нийт зээл авсан 66 компаний нэрийг зарласан. Тэгвэл улс төрчидтэй хамаарал бүхий нэр бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авч, зарим нь зөрчил үүсгэжээ. Иймд тэдгээрийг заримыг нь АТГ-аас шалгаж эхэлсэн гэх байна.
ТУХАЙЛБАЛ;
- УИХ-н гишүүн асан Ц.Шаравдоржийн хүү Ш.Билэгтэйн “Шанх майнинг” ХХК Хөгжлийн банкнаас 5,6 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд авчээ. Харин зээлийн хугацаа 2024 оны есдүгээр сард дуусах аж. Гэтэл арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 670 хоногийн зөрчилтэй гарсан байж болзошгүй байгаа аж. “Шанх майнинг” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдаж байгаа “Тээвэрчдийн хотхон” төслийг хэрэгжүүлэгч аж.
- УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК Хөгжлийн банкнаас 18,5 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долоодугаар сард авчээ. Харин зээлийн хугацаа 2023 онд дуусах бол нийт 14,9 тэрбум төгрөгийн зөрчилтэй байгаа аж. Тиймээс энэхүү асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Тус компани нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байжээ. “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” /зогсоол, зочид буудал, хоолны газар/ байгуулсан гэдгээр нь олон нийт андахгүй.
- УИХ-ын гишүүн Ч.Ундрам аав Ч.Чинбатын хувьцаа эзэмшигч “Вояжер минерал ресурсес” ХХК Хөгжлийн банкнаас 10,6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн зээлийг 2018 оны нэгдүгээр сард авчээ. Харин зээлийн хугацаа 2019 оны гуравдугаар сард дууссан бөгөөд 3,5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иенийн үлдэгдэлтэй байгаа аж. Вояжер минерал ресурсес ХХК нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт Алт-зэсийн хүдрийн үндсэн ордод Хөх-булаг төслийг хэрэгжүүлдэг байна.
- Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан трейд” ХХК 2018 оны аравдугаар сард 15 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байна. Харин зээлийн үлдэгдэл нь 17,6 тэрбум төгрөг болоод байгаа аж. “Мондулаан трейд” ХХК нь Төв аймгийн Заамар суманд алтны уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг байна. Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн нь 2015 онд дээрх компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэдэг.
- “Газ-Импорт” ХХК нь 2018 оны нэгдүгээр сард 223,6 сая иенийн зээлийг Хөгжлийн банкнаас авчээ. Харин зээлийн нийт үлдэгдэл нь 289,1 сая иен буюу 7,1 тэрбум төгрөг болоод байгаа аж. Харин тус компанийн зээлтэй холбоотойгоор Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг Банкны тухай хууль зөрчиж их хэмжээний зээл удаа дараа олгосон гэх үндэслэлээр 2020 оны дөрөвдүгээр сараас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгасан. Мөн АТГ ч тус асуудлаар шалгаж байгаа аж.
- Ерөнхий аудитор асан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын “Эрдхул” ХХК 2017 оны наймдугаар сард Хөгжлийн банкнаас 700 сая төгрөгийн зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 598 сая төгрөг байгаа аж. “Эрдхул” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тоосгоны үйлдвэрлэл, гадаад худалдаа аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Төв аймгийн Заамар суманд алтны шороон ордод эрэл хайгуулын ажил хийжээ.
- УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн эгч Х.Хашчимэгийн “Вертекс майнинг партнер” ХХК Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээл авсан байна. “Вертекс Майнинг Партнер” компани Хөгжлийн Банкнаас 2020 оны нэгдүгээр сарын гуравны өдөр 33 тэрбум төгрөгийн зээл авсан. Өнөөдрийн байдлаар зээлийн өрийн нийт үлдэгдэл 33.14 тэрбум төгрөг болжээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг тус банкны захирлаар ажиллаж байхад авсан гэдэг.
iSee.mn
URL: