Барилгажуулж утааг багасгах үлгэрээ жаргаагаач
-Өвгөдийнхөө шарил дээр хүүхэд нь тоглож байдаг газар манайхаас өөр байхгүй-
Улсын баатар Э.Бат-Үүл, нэрт сэтгүүлч Г.Дашрэнцэн нар маань хотын утааг бууруулах, барилгажуулах талаар сониноор санал бодлоо уралдуулжээ.
Би Э.Бат-Үүлийн саналыг ч, Г.Дашрэнцэнгийн саналыг ч дэмжиж байгаа. Бас дэмжмээргүй зүйл ч байна. Гол нь хотын утааг бууруулах нэрээр, олон жил амьдарсан нутаг, хашаа байрнаас албадан хөөх, хүчээр нүүлгэх явдлыг би эрс эсэргүүцдэг хүн. Тэднийг нүүлгэхгүйгээр хотыг барилгажуулж болно. Гол нь манай удирдлагууд сэтгэл дутаад, хувийн ашиг сонирхол нь давамгайлаад байгаа гэцгээх юм.
Би хэдэн жилийн өмнө БНХАУ-ын өмнөд мужуудаар явж байлаа. Нэг хэсэг газар чөлөөлөөд барилга барьж байхыг үзэж танилцсан. Их сүр дуулиантай ажил өрнөж байх юм. Биднийг газарчилж явсан албаны хүн ярьж байна. “Манай ард түмэн хууртаж хаширсан ард түмэн. Эхний үед дарга нар, барилгын компанийн эзэд, тийм ч байранд оруулна, ийм ч тохилог сууцтай болгоно гэж амлаад, амласандаа хүрэлгүй цөөн хэдэн юанаар юм уу, ор нэр болсон байраар хуурдаг, хагас дутуу барьсан юм өгдөг. Зарим тохиолдолд эзэд нь оргоод алга болдог байсан. Хаширсан ард түмэн төр засагтаа хатуу шаардлага тавьсны үрээр одоо өөр болсон. Эхэлж тохиролцоод газар чөлөөлөхөөс өмнө иргэн хүн ямарч тохиолдолд хохирохооргүй мөнгө авдаг болсон. Хоёр гурван өрөө байр юм уу, тансаг орд харш авчихсан ч хүрэлцэхээр мөнгө бэлэн авсны эцэст газраа чөлөөлдөг болсон. Одоо бол газраа чөлөөлүүлье гэж гуйх болсон гэж ярьж байлаа.
Гэтэл манайхыг хар даа. Хэн нэгэнтэй үгсэн хуйвалдсан бүлэг хүмүүс газар чөлөөлүүлж, айл хөршийн амьдралаар тоглоод л дуусч байна. ХХАА-н яамны өмнө “офицеруудын” гэж нэрлэгддэг таван давхар байрыг нураасан. Байраа нураалгасан тэр олон айл, хүмүүс хоргодох газаргүй тэнэж явна. Нураалгасан, нураасан эзэд нь олдохоо больчихсон гэнэ. Ногоон нуурын тэнд орон сууцны долдугаар хороолол барина, газар чөлөөл гээд бараг л дайн болж байна. Улаанбаатарын ганц мөнх цэвдэгтэй тэр газарт орон сууцны өндөр барилга барьж болох юм уу. Ногоон нуур тогтоогүй газар дээр ногоон хороолол босгоно гэж хэний зүүд вэ. Утаа униар, ус үер гэж чөлөөлүүлээд өөрсдийнхөндөө өгчихдөг муухай зуршил хэзээ арилах юм бол.
Хотыг утаагүй болгоно гэхээр л нэг сүржин төсөл гарч ирдэг. Тэр нь тэгсгээд замхардаг гэм тогтлоо. “40 мянган айлын орон сууц”, “100 мянган айлын орон сууц” гэхчлэн. Тэгж газар чөлөөлүүлдэг, зээл авдаг, ашигтай байр эзэлдэг моод дэлгэрээд удаж байна. Түүнээс хотын захын ядарсан ард түмэндээ бариад өгчихсөн орон сууцыг би л хувьдаа олж харахгүй байна. Харин эрхэм дээдэст зориулсан тав зургаан өрөөтэй, бүр давхраар нь, орцоор нь эзэгнэх тансаг хорооллууд бол босч байна аа. Барилгажуулж утаагаа багасгая гэвэл хотын захын хорооллынхныг хямд төсөр байраар эн түрүүнд хангах хэрэгтэй байгаа биз дээ. Энэ хэдэн хүн, төрийн мөнгөөр ч мөн тоглох юм даа.
Утаа бууруулах тэр их мөнгө, зам засварын олон тэрбум төгрөг хотод бараг нялзсангүй. Дарга нарын танил тал, хамаатан садан, ойр дотны хэдэн хүний халаас зузаалаад л өнгөрч байх шив.
Би хамгийн наад захын нэг жишээ авъя. Ноднин жил хотын төв гудамж, дарга нар их явдаг замуудыг “гурилдсан”. Тэгсэн чинь түрүү жилүүдэд олон зуун сая төгрөг зарцуулж тохижуулсан, автобусны буудлуудаа байрыг нь сэлгээд арав хорьхон метрийн зайтай өөрчилчихсөн байгаа юм. Хуучин буудлууд нь толгой хоргодох сүүдэр ч үгүй. “Яаж байгаа нь энэ вэ” гэсэн чинь “Дараа жил хийх ажилтай болгож байгаа нь энэ” гэнэ.
Хотыг орон сууцжуулах, Ерөнхийлөгчийн маань хэлээд байгаа “ганц өрөө” орон сууцны талаар саналаа хэлмээр байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 10-20 хувь нь оршуулгын газар юм гэнэ лээ. Түүний 40-50 хувь нь бүр эртний бараг л Хүрээний үеийн булш бунхан байдаг гэсэн. Ийм газрыг яаж ашигладаг, хот орон барьдагийг би нүдээрээ үзсэн хүн. 1940-1950-иад оны үед манай Сайншандын ар хөндий оршуулгын газар байлаа. Нас барсан хүнээ ил тавьдаг байсан үе. Зуны цагт бол халж хөөхөөрөө босоод суучихна шүү дээ. Сүүлдээ “чөтгөрийн хонхор” гээд орой үдшийн цагаар ч хүн амьтан зүглэхээ байсан. Морь тушдаг, нүцгэн хүн хөөдөг, эмэгтэй хүн дуулдаг… эсэн бусын цуурхал тарж байсансан. 1950-иад оны эхээр төмөр зам барьж байгаа оросууд очоод тэр их шарил цогцосыг бүгдийг булаад дээр нь барилга орон сууц барьчихсан. Эхлээд хүмүүс “Ийм чөтгөртэй байшинд яаж орох юм” гэж байснаа, сүүлдээ оочер дугаар ч олдохоо больсон. Өнөөдөр “Ар-Сайншанд” гэж байгаа тэр үзэсгэлэнт хотхон анх ингэж л баригдсан юм. Тэнд жаргалтай тэнүүн амьдрал цэцэглэсэн.
Хотын хойд талыг эзэлсэн энэ их оршуулгын газарт түрүүчээс нь орон сууцны сүрлэг хорооллууд босговол буруу гэж үү. Эцэг өвгөдийнхөө шарилын чулуун дээр хүүхэд тоглуулж, зарим нөхцөлд согтуу хүмүүс “Найрын ширээ” болгоод байж байгааг өөрчлөн, хямд тансаг сайхан хорооллууд барьчихад, хэн л бол орно доо. Хашаа гэр хорооллыг ад үздэгээ болимоор байна. Бээжин хотын төв талбайн дэргэд, тэр сүрлэг орд харшуудын дунд, өчнөөн үе өнгөрөөсөн дан давхар шавар байшингууд байж л байдаг шүү дээ. Харин хашаа гэр хорооллыг цэвэр тохилог байлгахад анхаармаар.
Утаа багасгах талаар бол миний хувьд огт өөр бодолтой явдаг хүн. Хотын бүх айлыг орон сууцанд оруулсан цагт утаагүй болно гэвэл хориос доошгүй жил хэрэгтэй. Энэ хооронд уушгитай хүн байтугай, уушгитай муур, нохой ч үлдэхгүй байх. Яагаад гэвэл, бид 40 мянган айлын орон сууц барина гээд хичнээн жил болж байна. Энэ жишгээр явна гэвэл хотын энэ олон зуун, мянган гэртэй айлыг орон сууцанд оруулна гэхэд мөн ч олон арван жил хэрэгтэй биз.
Би та нарт нэг баримт сонирхуулъя. 1970-аад оны үед хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулж байгааг сурвалжилж билээ. Төлөвлөгөөнд сайд дарга нар саналаа хэлсэн чинь Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга байсан Д.Майдар гуай “2000 он гэхэд Улаанбаатар хот гэр хороололгүй болно. Цөөн хэдэн гэртэй айл уулын амуудад туслах аж ахуйн чиглэлээр байх болно” гэж оруулж байсансан. 2000 онд гэр хороололгүй болох Улаанбаатар маань алив дээ? Бараг л “гэр хот” болчихоод байгааг харж байна. Барилгажуулаад утаагүй хот болгочихно гэхийн зэрэгцээ нарийн судлах зүйл их бий л дээ. Монгол гэрт дасчихсан, байр орон сууцанд орохгүй гэж байгаа өндөр настан, хүүхэдтэй хүмүүс олон мянга бий. Бас хувьчлаад авчихсан газар, хашаа байшингаа хадгалж байх сонирхол түгээмэл болж. Ард түмэн их юм мэддэг болжээ.
Өнөөдөр компаниудын 40-50 саяар авах гээд байгаа газар, маргааш 400-500 саяд олдохоо болино гэдгийг ойлгож байна. Нүүхгүй байгаа нь тэдний буруу биш. Барилга байшин бариад тохижуулчихсан энэ хувийн өмчинд халдах эрх хэнд ч байхгүй. Иймээс барилгажуулж утаагүй болгох үлгэрээ жаргаавал яасан бэ.
Би нэг санал дээрээ хатуу зогсдог. Миний ч санал биш, насаараа цахилгаан станцад ажилласан инженер Рэнцэндоржийн төсөл юм. Энэ хүн бүх уурхайн гаргаж байгаа нүүрсний утаа, илчлэг, үнс, чийглэг дөрвийг лабораторийн аргаар шинжилсэн байгаа. Ингэтэл Таван толгойн коксжсон нүүрс нь утаагүй, үнсгүй нүүрс юм байна. Тэгээд Рэнцэндорж инженер гадаадад бараг үнэгүй шахам гаргаж байсан энэ нүүрсээ Улаанбаатар руу татаж, гэр хороололынхонд одоо түлж байгаа нүүрсний нь үнээр өгөхөд гуравхан сарын дотор хотын утааг 60-70 хувь бууруулах тооцоо хийгээд, том төсөл боловсруулж, хотын захиргааны хамгийн жижиг даргаас эхлэн Засгийн газрын тэргүүнүүдэд хүртэл өргөн барьж байгаа юм. “Зөв юм” гэсэн хэрнээ анхаарал тавьсан хүнгүй, зарим дарга нь Рэнцэндоржийг хараад зугатаагаад байх болсон гэсэн.
Би Рэнцэндорж инженерийн санаа бодлыг хэд хэдэн удаа сонинд бичсэн. Тэгсэн чинь сайд дарга нар “Таван толгойн нүүрсийг энгийн зуух пийшинд түлж болдоггүй юм. Утаагүй боловч зуух, тогоо шанага бүгдийг хайлуулна” гэж ам тагладаг. Тэгтэл Рэнцэндорж маань “Дургүйд хүчгүй гэгч тэр. Гадаадын хүний уушги л зүгээр байвал, монголчуудынх хамаагүй гэсэн бодлого. Коксжсон нүүрсийг түлж байгаа аль олон газрыг тэр гэхэв Өмнөговь, Дорноговийхон бүгд л түлж байгаа. Анхаармаар хоёр зүйл бий. Нэгдэх нь шавар пийшин юмуу, туйпуу шавраар доторлосон пийшинд түлэх шаардлагатай. Ийм их илчтэй нүүрсийг бага багаар тохируулан түлдэг юм. Энгийн нүүрс шиг хувин хувингаар хийдэггүй юм гэж” байна. Энэ инженер бид хоёрын санал хэзээ нэг цагт биелэх болов уу гэж горьдож л суудаг.
Би хотоо утаагүй болгох бас нэг зүйлийг та бүхэндээ сонордуулмаар байна. Өнгөрсөн он бол Монгол цэргийн нэрт жанжин Манлай баатар Дамдинсүрэнгийн мэндэлсний ой байлаа. Тэдний гал голомтноос үлдсэн ганц эмэгтэй зээнцэр нь Дархан-Уул аймгийн деревнь гэх бөглүү хорооллын нэгэн хашаа байшинд өрөвдмөөр ядуу амьдарч байгаа. Дархан хотын дарга нар энэ ядарсан өндөр настанд ганц өрөө дулаан байр өгчихгүй хичнээн ч жил луу унжиж байгаа юм дээ. Лхамжав гуай хүйтэн хонгил шиг байшинд амьдарч байгааг үзсэн Соронзонболд захиралтай “Богдхан дулаан” компанийн хоёр залуу тэднийд очиж хоёрхон цагийн дотор халаалтын систем үнэ төлбөргүй тавиад өгчихнө билээ. Цахилгаанаар халдаг шал юм билээ. Утаа үнсгүй, ямар сайхан эд вэ. Солонгост үйлдвэрлэдэг шал гэнэ. Байшингийн дулааныг өөрөө тохируулдаг, эрүүл мэндэд их ашигтай шал юм байна. Би тэгээд бодож байлаа. Ард түмнээ арав хорин мянган төгрөгөөр хуурч байхын оронд, нийслэлийн гэр хорооллын бүх айлыг ийм дулаалгын системтэй болгоод, цахилгааны нь үнэ төлбөргүй болгочих юмсан гэж. Хот утаанаасаа салж, ард түмэндээ хийсэн асар том буян болохсон болов уу.
Мэргэжлийн хүмүүстэй зөвлөхөд болох санаа гэж байна. Эрчим хүчний нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэнэ. Хэрвээ тийм бол V цахилгаан станц гэж олон жил ярьсан үлгэрийг амьдруулмаар. V цахилгаан станцын тухай сонирхсон чинь барих газар олдохгүй хэдэн жил болоод, одоо нэг том цахилгаан станцаа буулгаж газар дээр нь барина гэх юм. Арай ч үгүй байгаа даа. Монгол шиг эрчим хүчний эх үүсвэр, түүхий эдийн нөөцтэй улс орон дэлхийд байдаг юм уу. Нүүрс нефть, нар, салхи, ус, газрын хий ч гараад ирэхийг байг гэх газаргүй. Тэгсэн атлаа лаа барьж, аргал зэрэглэж суугаа нь бидний орхисон заяа ч юм уу даа.
Р.Жамьян/МУСГЗ
URL: