Цөмийн энергийн С.Энхбат хууль бус 21 лиценз олгосон гэв

Засгийн газрын Хэвлэл мэдээлийн албаны дарга М.Оюунчимэг, Засгийн газрын референт Д.Мөнх-Эрдэнэ, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжав нар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав.

Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат сүүлийн үед хэвлэлээр мэдэгдэл хийсэн нь хууль бус хэмээн үзэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанд мэдэгдэл гаргасан байна.

С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын ажлаас чөлөөлсөн асуудлаар зарим хэвлэлд “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба” гэж тус газрын бүтцэд байхгүй хууль бус нэгжийн нэрээр мэдэгдэл гаргасныг увайгүй үйлдэл гэж үзэж байгаа аж.

Засгийн газрын хуралдаанаар хуулийн дагуу С.Энхбатыг Цөмийн энергийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус газрын Цөмийн технологийн газрын дарга Г.Манлайжавыг томилсон. С.Энхбат нь агентлагийн даргын хувьд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, Үндсэн хууль, Засгийн газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан тул түүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн байна.

Гэвч С.Энхбат Засгийн газрын шийдвэрийг зөвшөөрөхгүй шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч захирамж гаргасан байна. Уг захирамж нь С.Энхбатыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын тогтоолыг авч хэлэлцсэн шүүхийн шийдвэр биш бөгөөд харин хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл уг албан тушаалд хэн нэгнийг томилох, сонгон шалгаруулалт явуулахыг түдгэлзүүлсэн шийдвэр аж.

Иймд Төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн, тогтвортой явуулах зорилгоор Засгийн газраас Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид Төрийн албаны тухай хуулийн дагуу томилгоо хийсэн бөгөөд шүүгчийн захирамж нь түр орлон гүйцэтгэгчийг томилох Засгийн газрын эрхийг хөндөөгүй гэв. Үндсэн хуулиар Засгийн газрын шийдвэрийг зөвхөн Засгийн газар өөрөө эсвэл УИХ хүчингүй болгодог.

Өнгөрсөн жил цөмийн хаягдлыг Монголд булшлах тухай мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлээр нэлээд шуугисан. Гадаадынхантай манай зарим албаны хүмүүс хог хаягдлыг Монголд булшлах тухай гэрээ хэлэлцээ хийсэн гэх мэдээлэл гарсны дараа холбогдох байгууллага буюу Цөмийн энергийн газрын дарга тайлбар хийх шаардлагатай ч эрүүл мэндийн шалтгаанаар эзгүй байсан юм.

Тус газрын орлогч дарга Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн ч хангалттай мэдээлэл өгөөгүй тул тус байгууллагын удирдлагуудыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа тайлагнахыг Ерөнхий сайд үүрэгдсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй. Нийгэмд айдас төрүүлсэн, Монголын нэр хүндийг олон улсад унагасан мэдээлэлд үнэн бодит тайлбар хийгээгүй учир Засгийн газраас Цөмийн энергийн газрын удирдлагуудад хариуцлага тооцсон юм.

Гэтэл С.Энхбат нь Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн захирамжийн агуулгыг илт мушгин, өөрийг нь уг албан тушаалд буцаан томилсон шүүхийн шийдвэр мэтээр гуйвуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл тарааж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзээд Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба мэдэгдэл гаргажээ.

С.Энхбат дарга албан тушаалтай зууралдахаас гадна хууль бусаар лиценз олгосон хэрэг мандсан байна. Энэ хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа бөгөөд хариу нь гараагүй аж. С.Энхбат эрүүл мэндийн шалтгаантай гэж Засгийн газарт удаа дараа ажлаа тайлагнаагүй гэх боловч энэ хугацаанд лиценз олгосон нь асуудал үүсгэсэн хэмээв. Хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариулав.

-С.Энхбат хууль бусаар хаана, хэдэн лицензийг ямар зориулалтаар олгосон юм бэ?

-Найман аж ахуй нэгжид цацраг идэвхит бодисын хайгуулын тусгай зөвшөөрөл 21-ийг өгсөн байна.

-Монголд цөмийн хог хаягдлыг булшлах гэрээ хэлэлцээг Засгийн газрын гишүүн хийсэн гэж С.Энхбат дарга ярьсан нь үнэн үү?
-Ийм гэрээ хэлцэл хийх нь хуулиар хориотой. Сайд нар ийм яриа хэлэлцээ хийгээгүй гэдгийг Засгийн газрын хуралдаанаас хатуу мэдэгдсэн. С.Энхбат дарга хэвлэлд яриа өгөхдөө энэ тухайгаа өөрөө нотолж чадаагүй.

-Г.Манлайжавыг төрийн албанд ажиллах ёс зүйгүй гэсэн дүгнэлт гарсан гэсэн. Ямар үндэслэлээр таныг ажлаас халсан бэ?
-Энэ талаар Төрийн албаны зөвлөлд хуулийн дагуу гомдол өргөдлөө өгсөн. Намайг 30 минутын дотор ажлаас халсан. Ямар үндэслэлээр халсан тухай баримт байхгүй. Төрийн албаны зөвлөлд буруу мэдээлэл өгсөн гэсэн үндэслэл байсан. Манай харьяалах хэлтсийн мэргэжилтэн тусгай зөвшөөрөл хүссэн 19 аж ахуйн нэгжийн жагсаалтад нэг компанийг нэмж бичсэнийг би нягтлаагүй, мэдээгүй, тийм бололцоогүй байсан.

-Танай газрын ажил одоо хэвийн явж байгаа юу?
-Уг нь хэвийн тасралтгүй явуулахыг хичээж байна. Харамсалтай нь гадаад, дотоодын хэвлэлд буруу, ташаа мэдэгдэл гарсан тул саад учирч байна гэв.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас гаргасан мэдэгдэлд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасны дагуу Цөмийн энергийн газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны 96 дугаар захирамжаар баталсан бүтэц, зохион байгуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл С.Энхбат нь Цөмийн энергийн газрын бүтцэд байхгүй “Цөмийн энергийн газрын олон нийттэй харилцах алба ” гэх хууль бус нэрээр дамжуулан өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргаж байгаа нь бусдыг төөрөгдүүлэн, төрийн албаны хэвийн үйл ажиллагааг бусниулах гэсэн илт хууль бус үйлдэл тул цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу анхааруулж байна” гэжээ.

М.Ган


URL:

Сэтгэгдэл бичих