Дэлхийн онцлох 10 үйл явдал

ecd6182c7cb5c3c833356f77c4e5e846e95ab5d5Улиран буй 2021 оныг дүгнэх нэг сайн өнцөг нь, гутранги үзэлтнүүдийн таамаглаж байсан шиг муу байсангүй. Цар тахлын үе тохиосон ч сүүлийн 12 сарын турш ээлж дараалан сайхан мэдээ дуулдаж, түүхэнд “Хэвийн амьдралд шилжих үйл явц эхэлсэн” гэсэн тодотголтой бичигдэх нь тодорхой болов. Гэхдээ сайнтай муутайгаа  сав дүүрдэг хорвоо хойно муу мэдээ ч бас бий.

Нэгдүгээр сард Саудын Араб Катарт хилээ нээж, гурван жил үргэлжилсэн дипломат маргаан эцэс болов. Хоёрдугаар сард АНУ-ын Сенат Ерөнхийлөгч Дональд Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцлээ. Гуравдугаар сард Ромын пап Франциск Иракт очиж Агуу аятолла Али аль Систанитай уулзав. Дөрөвдүгээр сард Киргизстан, Тажикистаны хооронд хилийн мөргөлдөөн болж 55 хүн амиа алдаж 50 000 мянган хүн ямар нэгэн байдлаар хохиров. ОХУ-ын зохион байгуулалттай гэмт бүлэглэл тавдугаар сард АНУ-ын шатахууны хоолойн үйл ажиллагааг зохицуулдаг сервер рүү кибер халдлага үйлдэж, тус улсын зүүн хэсгийг шатахууны хомсдолд орууллаа. Их 7-гийн бүлгийн удирдагчид ААН-ийн татварын доод хэмжээг 15 хувиас буулгахгүй байхаар тохиров. Зургадугаар сард Литва улс Вильнюс хотноо ЭСЯ-аа нээх боломжийг Тайваньд нээж өгснөөр БНХАУ-тай харилцаагаа хурцатгав. Наймдугаар сард АНУ Тайваньд 750 сая ам.долларын зэвсэг худалдах шийдвэр гаргасан нь БНХАУ-ын хилэнг төрүүлж, хариу арга хэмжээ авах талаар бодоход хүргэсэн. Есдүгээр сард Канад улс технологийн салбарын “аварга загас”Huawei”-н санхүүгийн захирал Мэн Ванжоуг БНХАУ-д шилжүүлэн өгч, оронд нь 2018 онд баривчлагдан хоригдож байсан хоёр иргэнээ (Michael Spavor, Michael Kovrig) шилжүүлж авав. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэл өнгөрсөн аравдугаар сард дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нууц хөрөнгийг дэлгэлээ. “Пандора баримтууд” гэж нэрлэсэн энэ багцад 12 сая гаруй баримт оржээ. Арваннэгдүгээр сард Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадимигийн гэрийг дайснууд нь дроноор довтолсон ч улс төрч амьд гарч чадсан. Харин арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын албан тушаал нэгтэн В.Путинтай цахимаар уулзахдаа Украины хил дээр цэрэг хуралдуулж байгаа үйлдлийг нь эрс буруушааж, “Шийдвэртэй арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн юм. Сүүлийн 20 шахам жилд дэлхийн бодлого тодорхойлогч улсуудыг удирдсан Ангела Меркель, Бениамин Нетаньяху, Шинзо Абэ нар тод ул мөрөө үлдээгээд улс төрөөс явав. Өнгөрсөн 12 сард болсон чухал үйл явдлуудыг нэрлэвэл иймэрхүү жагсаалт гарч байна. Одоо харин гол хэсэгтээ орьё.

“Үндэстний тойм” сэтгүүл улирагч оны онцлох 10 үйл явдлыг нэрлэж байна.

    Барууны айдсын илчлэл “AUKUS” гэрээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар энэ оны есдүгээр сарын 15-ны өдөр “AUKUS” нэртэй гэрээнд гарын үсэг зурж, батлан хамгаалах салбарт гурван талт хамтын ажиллагаа эхлүүлэв. Гэрээ байгуулснаар энэ гурван улс батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн салбарт үүсгэсэн шинэ мэдлэг, технологио хуваалцах боломжтой болсон юм.  Гурван улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарын хөгжил түргэсч, хүчин чадал нэмэгдсэнээр бүс нутагт тэнцвэртэй байдлыг хадгална гэж тооцоолсны үндсэн дээр энэхүү гэрээг хийсэн. Энэ гэрээний хэрэгжилтээр жишээ нь, Австралид анх удаа цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц зохион бүтээх бололцоотой болно. Хэвлэлүүд ч яг энэ өнцгөөс мэдээлж байгаа ч цаана нь “Aukus” гэрээний хүрээнд хиймэл оюун ухаан, квантын технологи, кибернетик буюу залуурзүйн салбарт мөн ашиглах боломжууд хамт бий. Гурван улс гэрээг байгуулж байхдаа албан ёсны мэдээ, мэдээлэлдээ БНХАУ-ын нэрийг нэг ч удаа дурдаагүй. “Технологио хуваалцсанаар гурван улсын батлан хамгаалахын аж үйлдвэрийн салбарын хөгжил түргэсч, хүчин чадал нэмэгдсэнээр бүс нутагт тэнцвэртэй байдлыг хадгална” хэмээн ерөнхий байдлаар тодорхойлж байсан. Гэсэн ч энэ гэрээний туйлын зорилго нь БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй хүч нөлөөг бүс нутагт нь тогтоон барих явдал гэдэг нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын зэвсэглэл, цэрэг армийн хүчин чадал АНУ, Их Британийг хямраах хэмжээнд хүрч, айдас болгоомжлол нь “AUKUS” гэрээгээр илэрсэн гэж ойлгож болно. Тиймээс Бээжингийн зүгээс энэ гэрээг “Хариуцлагагүй”, “Туйлширсан” хэмээн эрс буруушаасанд гайхах юмгүй. Гурван улсын хэлэлцээрт ганц БНХАУ сэтгэл дундуур үлдсэн ч юм биш. Австралитай 2016 онд байгуулсан дизель-цахилгаан хөдөлгүүр бүхий хэдэн арван шумбагч онгоц барьж өгөх 37 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ нь цуцлагдсан Франц улс мөн хохирч үлдсэн. Парис энэ хэрэг явдлаас болж Канберра, Вашингтоноос Элчин сайдаа эгүүлэн татсан нь АНУ, Австралитай харилцах харилцааны түүхэнд өмнө нь байгаагүй алхам байв. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дараа нь  гэрээг байгуулж олон нийтэд зарлахад маш эвгүй байсан” хэмээн хүлээн зөвшөөрсөн бол Франц улс Европын холбоо цаашдаа “Стратегийн бие даасан байдал”-аа хангаж, олон улсын харилцаанд АНУ-аас үл хамааран шийд гаргах чадвартай байх ёстой гэж мэдэгдсэн юм.

Ирээдүйн дүр зургийг ирээдүйд нэлээд өөрчлөх ач холбогдолтой “AUKUS” хэмээх гэрээ ийнхүү байгуулагдаж хүчин төгөлдөр болсон ч хэрэгжилт ямар байхыг хэлэх эрт байна. Учир нь хэдий технологи дамжуулах эрхзүйн орчин бүрдсэн ч цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх нь маш өндөр өртөгтэй, нэгэнт хөрөнгө оруулаад барилаа гэхэд 10 жил ч ашиглагдахгүй байх магадлалтай юм.

    Европ, Өмнөд Америкт зэрэг болж буй цагаачдын хямрал

Цар тахлаас болж хэсэг хойшилсон цагаачдын хямрал өндөр хөгжилтэй улсуудыг үргэлжлүүлэн сорьж байна. Ялгаатай нь, “Арабын хавар”-аас үүсгэлтэй дүрвэгсдийн цуваа Африкаас Европыг чиглэж байсан бол энэ удаад Ойрхи Дорнод, Өмнөд болон Төв Америкаас АНУ-ыг чиглэсэн урсгал хүчтэй буй. Дүрвэгсдийн хямралыг албаар бий болгож өрсөлдөгчөө дарамтлах тактик ч ажиглагдаж байна.

Аравдугаар сарын байдлаар АНУ-д хууль бусаар нэвтрэгчдийн тоо 1.7 саяд хүрсэн нь 1960 оноос хойш байгаагүй үзэгдэл болжээ. Эдийн засгийн хямрал дээр Ерөнхийлөгч нь алагдаж улс төрийн хямрал нэрмээс болсон, дээр нь олон удаагийн дараалсан байгалийн гамшигт цөхөрсөн хаитичууд АНУ рүү дүрвэгсдийн ихэнхийг бүрдүүлж буй. Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Д.Трампын цагаачлалын хатуу бодлогыг эрс шүүмжилснийхээ хүчинд цагаач иргэдийн саналыг татаж ялсан. Улмаар цагаачдад ээлтэй хандах нь гэсэн найдлага төрүүлсэн ч гэнэтийн энэ нөхцөл байдлаас болоод Д.Трампын бодлогыг үргэлжлүүлэхэд хүрээд байна. Мексикийн Сьюдад Д.Акунья, АНУ-ын Техас мужийн Дель Рио хотод цугласан хаити дүрвэгсдийг АНУ албадан нутаг буцаахдаа “АНУ руу оруулна” гэж мэхлэн онгоцонд суулгаад Порт о Пренс хотод нь буулгасан ёс зүйгүй үйлдэл ч гарсан юм.

Европын холбооны тухайд, хууль бусаар нэвтрэх цагаачдын урсгал 2020 онтой харьцуулахад 70 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Дүрвэгчид их байна гэдэг дэлхийн хаа нэгтээ дайн тулаан, өлсгөлөн гуйланчлал байгааг илэрхийлдэг. Тэрхүү дайн, өлсгөлөнгийн шалтгааны үрийг таригч нь өндөр хөгжилтэй улсууд учир хариуцлагаа хүлээх ёстой гэсэн бодлого нэг хэсэг явсан. Европын холбоо ч эхэндээ асуудалд яг энэ зарчмаар хандаж, ХБНГУ-ын зүгээс гишүүн улсуудад квот тогтоож өгөхийг оролдсон удаатай ч эвслийн бүрэн бүтэн байдалд нөлөөлөх шахуу асуудал болж, цар тахлын ачаар л хэсэг царцаад байсан юм. Одоо харин “Брексит”-ийн дараа санаачилга Франц улсад шилжсэнтэй холбоотойгоор дүрвэгсдэд хатуу хандах нөхцөл үүсээд байна. “Нээлттэй хаалга” үзэл санааг хамгаалагч гол хүн Ангела Меркель улс төрөөс явсан нь ч “Хаалга хаагдах” шалтгаан мөн. Ла Маншийн хоолойгоор дамжин орж ирж бүй дүрвэгсдээс болоод Англи-Францын хооронд дипломат шуугиан ч дэгдээд амжсан юм.

Дээр өгүүлсэн хуурамч дүрвэгсдийн хямрал үүсгэх оролдлогын тухайд, ОХУ Афганситан зэрэг улсаас дүрвэгчдийг Беларусь руу зөөж, тэд нь явганаар Латви, Литва, Польшийн хил дээр очин сандаргаж буй. Дүрвэгсдийг улс төрийн тоглоомын хэрэгсэл болгох ажил ийнхүү амьдрал дээр хэрэгжээд эхэллээ. Харамсалтай нь энэ хямрал ойрын жилүүдэд намдах янзгүй. Дэлхий дээр орон гэрээсээ хүчээр хөөгдөсн 84 сая хүн байна гэсэн тооцоо байна. Эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт энэ тоог нэмнэ уу гэхээс хасахгүй нь тодорхой.

    Иран цөмийн зэвсэгтэй улс болоход ойртлоо

Иран цөмийн хөтөлбөрөө барууныхны хардаж байгаачлан цэрэг дайны зориулалтаар хэрэгжүүлж байна уу, өөрсдөө ярьж байсан шигээ иргэний зориулалтаар хөгжүүлж байв уу гэдгийг харах цаг хаяанд ирээд байна. 2021 онд тус улс цөмийн хөтөлбөрөө маш амжилттай урагшлуулж, түвшин ахиснаар ийм хүлээлтийг үүсгэв.

АНУ Д.Трампын санаачилгаар зургаан талт хэлэлцээрээс гарсан тул Иран руу цутган орж байсан мөнгөний урсгал зогссон. Гэвч нөгөө талдаа Иран цөмийн хөтөлбөрөө урагшлуулах нөхцөл бүрдэх нь гэсэн болгоомжлол байсан нь одоо эргээд харахад зөв байж. Жо Байден тангараг өргөснөөр “АНУ гэрээнд гурван жилийн дараа эргэж нэгдэнэ, ахиц гарна” гэсэн өөдрөг хүлээлттэйгээр 2021 он эхэлсэн. Тэрээр Д.Трампын хэлэлцээрээс гарах шийдвэрийг “АНУ-ын хувьд өөртөө учруулсан гамшиг” хэмээн шүүмжилж байсан болохоор тэр юм. Улмаар “Иран тодорхой нөхцлүүдийг хүлээж авбал АНУ хэлэлцээрт эргэж нэгдэхэд бэлэн” гэж мэдэгдсэн. Хоёрдугаар сард Ж.Байдены засаг захиргаа хэлэлцээрээ үргэлжлүүлэх урилгыг Европын холбооноос хүлээн авсан ч Тегеран, Вашингтоны хооронд өрнөсөн дипломат асуудлаас болж хэлэлцээр дөрөвдүгээр сар хүртэл хойшилсон юм. Ингээд хэлэлцээр эхэлдгийн даваан дээр (дөрөвдүгээр сарын дундуур) Ираны цөмийн байгууламжид дэлбэрэлт болж, Тегеран үүнийг Израилийн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзсэн тул уранаа 60 хувь хүртэл баяжуулна гэж зарлах нь тэр. 60 хувь гэдэг нь зэвсэг бүтээх хэмжээнд хүрэхгүй ч иргэний зориулалтаас давсан хэмжээ гэсэн үг. Энэ зуурт Ираны Ерөнхийлөгчийн сонгууль болж үндсэрхэг үзэлт Эбрахим Раиси ялалт байгуулсан нь байдлыг бүр ч дордуулсан. Тэрээр хэлэлцээрийг үргэлжлүүлэхгүй гэдгээ ил тод зарлаж байгаад ялсан тул ард түмний сонголт асуудлыг шийдсэн хэмээн “Хэлэлцээр удахгүй эхэлнэ” гэж найдагсдын амыг тагласан юм.

Тэгж, тэгж арваннэгдүгээр сарын сүүлээр хэлэлцээг эхлүүлсэн ч Иран өмнө нь хийсэн буултаасаа татгалзаж, АНУ-аас Д.Трампын засаг захиргаанаас тавьсан бүх хориг арга хэмжээг цуцлах анхны шаардлагаа дахин тавьснаар хэлэлцээг мухардалд оруулаад байна. 2021 он дуусах дөхөж байхад хэлэлцээр болно гэсэн ямар ч итгэлгүй хэвээр. Харин ч “Иран зэвсгийн чанартай уран авахад ердөө нэг сарын хугацаа үлдсэн” гэсэн тооцоолол хэвлэлүүдэд гарч эхэлжээ.

    Талибууд засгийн эрхэнд эргэн гарав

Афганистаны дайн бүхэл бүтэн 20 жил үргэлжилж, хэдэн мянган хүний амь нас, олон тэрбум ам.долларын сүйтгэл учруулсан ч эхэлж байх үеийнхтэйгээ ижил үр дүнтэйгээр өндөрлөлөө. Талибуудыг засгийн эрх мэдлээс хөөн зайлуулсан АНУ-ын цэрэг тус улсаас гармагч тэд дахин засгийн эрх мэдлийг авсан юм.

Доналд Трамд 2020 онд Талибан хөдөлгөөнтэй хэлэлцээр хийж, энэ оны тавдугаар сарын 1 гэхэд цэргээ бүрэн гаргана хэмээн тохирсон. Жо Байдены өнгөн дээр энэ хэлэлцээрийн хэрэгжилт дөрвөн сараар хойшилсон ч (2021 оны есдүгээр сарын 11 болгосон) ямартай ч биелсэн юм.

Өнгөрсөн 20 жилд барууныхан Афганистанд ардчиллын хэм хэмжүүр тогтоох гэж багагүй оролдсон ч авлига хээл хахуулийг устгахгүй л бол ямар ч ардчилал эрх чөлөө байгаад нэмэргүй гэдгийг л батлав. АНУ-ын сүүлчийн цэрэг гарахтай зэрэгцээд Талибаны отрядууд хөдөлж, Засгийн эрх мэдлийг ямар ч эсэргүүцэлгүйгээр буцааж авсан. Наймдугаари сарын 15-нд Кабул талибуудад эзлэгдсэн тул АНУ тэдэнтэй тохирсон сүүлийн хугацаа болох наймдугаар сарын 30-ны дотор иргэд, АНУ-аас түргэвчилсэн виз хүсэх эрхтэй 300 000 хүртэлх афганчуудыг татаж авах гэж хэрдээ сандарсан. Жо Байден Афганистанаас цэргээ гаргаж дууссаныг “Амжилт” гэж зарласан ч жирийн америкчууд эсрэг дүн тавьж, нэр хүнд нь доод түвшинд хүртэл уруудсан сонин үзэгдэл бас гарсан юм. Холбоотон улсуудын өндөр албан тушаалтнууд Афганистанаас цэргээ гаргасныг нь “Тэнэг үйлдэл” гэж хэлсэн явдал ч гарсан. АНУ Афганистаны дайнд нийтдээ 2.3 их наяд ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь 20 жилийн турш өдөр бүр 300 сая ам.доллар зарлагадсан гэсэн үг юм. Энэ хугацаанд Афганистанд АНУ-ын цэргийн 2500 албан хаагч, 4000 гаруй энгийн иргэн амиа алджээ. Харин афганчуудын тухайд энэ тоо 170 000-аар тоологдоно.

Хамгийн харамсалтай нь, талибууд засгийн эрхийг авлаа гээд байдал Афганистаны сайжирсангүй. 20 жилийн өмнөх шигээ айдас хүйдэст автуулсан хэвээр, харин хүмүүнлэгийн гамшиг нүүрлэх нь тодорхой болоод байна.

    Эфиоп улсад дахиад дайны нөхцөл байдал үүслээ

Эфиопийн Ерөнхий сайд Аби Ахмед хөрш зэргэлдээ Эритрей улстай энх тайван тогтоож болзошгүй дайнаас сэргийлсэн гэдэг үндэслэлээр 2019 онд Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнийг уншигчид санаж буй биз. Тэр цагаас хойш хоёр жил өнгөрөхөд Эфиоп улс иргэний дайны хурцадмал нөхцөл байдалд оржээ. Тигрейг чөлөөлөх үндэсний фронт нэртэй зэвсэгт бүлэглэл Тигрей муж дахь Холбооны цэргийн анги байрлал руу довтолсоноос эхэлсэн юм. Аби Ахмед 2020 оны арвэннэгдүгээр сард Тигрей руу цэрэг хөдөлгөснөөр дайны нөхцөл байдалд хүрсэн юм. Аби Ахмед 2018 онд Засгийн эрхэнд гарсныхаа дараа ТЧҮФ бүлэглэлийг эрх баригч эвслээс гаргаж, Эфиопийн улс төр дэх олон жилийн ноёрхлыг нь үгүй хийсэнтэй энэ бүхэн бас их, бага сэжмээр холбоотой байв. Аби Ахмедын илгээсэн Холбооны цэрэг эхний тулаанд ялж, мужийн нийслэл Мекелле хотыг эзлэн авсан. Цаашдаа ч ялаад явчихсан бол байдал тэгээд л намжчих байлаа. Гэтэл ТЧҮФ тактикаа өөрчилж, өмнө зүгт нийслэл Аддис Абеба, дорно зүг Жибути  руу хөдөлж, импортын 95 хувийг хангадаг далайн боомтыг бүслэн хаах нь тэр. ТЧҮФ-ынхны энэ амжилт Эфиоп сүйрч, цаашлаад бүс нутгийн хэмжээний гамшиг нүүрлэх нь гэсэн болгоомжлолыг бодитойгоор төрүүлээд байна. Хоёр талын тэмцэл илүү өргөн хүрээнд өрнөвөл үр дагавар нь одоо байгаагаас ч аймшигтай байх болно. Одоогийн нөхцөл байдал гэвэл хоёр сая орчим эфиопчууд орон гэрээ орхин дүрвэсэн бөгөөд угсаатны цэвэрлэгээ, үй олноор хоморголон устгах, бүлэглэн хүчиндэх зэрэг дайны гэмт хэргүүдийг мөргөлдөөнд оролцогч бүх талууд үйлдэж буй. Асуудлыг энх тайвнаар зохицуулах хүчин чармайлтууд ээлж дараалан бүтэлгүйтэж байгаа бөгөөд ирэх жилд  амжилт олно гэсэн найдлага ч бага байгаа юм.

    Ардчилал хүчгүйдэх үйл явц үргэлжилж, улам хүчээ авав       

Засаглалын ардчилсан хэлбэр хүчгүйдэх үйл явц 2021 онд ч үргэлжиллээ. Дэлхийн улс орнуудыг засаглалын хэлбэрээр нь ангилахад ардчилсан засаглалтай улс орнууд ихэнх болдог байсан цаг бага, багаар алсарч байна. Ардчиллын тулгуур багана, чиг баримжаа болсон АНУ-ын түүхэнд засгийн эрх мэдлийг тайван замаар хүлээлгэж өгөх үйл явц анх удаа тасалдлаа (2021.I.06).

Зүүний үзэл баримтлалтай намуудын дуу хоолой өндөрсөн, олон нийтийн дэмжлэг хүлээж, улс төрд үзүүлэх жин нөлөө нь нэмэгдэх үйл явц 2000- аад оны дундаас глобаль шинжтэй болж эхэлсэн.

Барууны өндөр хөгжилтэй улс орнуудад, тухайлбал АНУ-д чинээлэг дунджууд хүн амын дийлэнхийг бүрдүүлж, засаглал нь тогтвортой, ардчиллын бат суурь болж бусдадаа чиг баримжаа болдог байлаа. Гэтэл баялаг цөөнхийн гарт төвлөрөх үйл явц эрс идэвхэжсэнээс болж энэ байдал алдагдаж, хүн амын олонхийн орлого буурсан нь зүүний популистуудад боломж олгох үндсэн суурь нөхцөл болсон байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 15-хан жилд ядуу буурай улс орон төдийгүй өндөр хөгжилтэй орнуудад ч “Баялгийн тэгш бус хуваарилалтаас болж баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрсэн”, “Дэлхийн эдийн засгийн өрсөлдөөнд ялагдаж, ажилгүйдэл, ядуурал газар авсан” нийтлэг шинж бий болжээ.

Ажлын байраа дүрвэгчдэд алдсан, эсвэл үндэстэн дамнасан корпорацийн эзэн үйлдвэрээ ажиллах хүч хямдтай улс руу нүүлгэсэн зэрэг шалтгаанаас болж тухайн үндэстэнд гаднын нөлөөнөөс өөрийгөө хамгаалах зөн бий болж, энэ нь популистуудыг дэмжих шалтгаан болсон. Дэлхийн хамгийн баян улс гэх АНУ-д 2001 онд нийт иргэдийн 30 хувь нь өөрсдийгөө хангалттай орлогогүй эмзэг бүлгийнх гэж тооцдог байсан бол 2015 онд тал нь ийм бодолтой болсон байж. Д.Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялах үндсэн шалтгаан энэ байх жишээтэй.

Энэ үйл явц үргэлжилсээр 2019 оны арванхоёрдугаар сар буюу “ковид19” цар тахал эхлэхэд маш олон улсад зүүний чиг баримжаатай нам засгийн эрхийг барьж байв. Зүүний чиг баримжаатай намууд ард иргэдийг алагчлахгүй, тэгш нөхцөлд амьдруулах боломжийг эрэлхийлдэг бөгөөд цар тахлын үед зайлшгүй хэрэгжүүлсэн халамжийн бодлогоо үзэл баримтлалаараа зөвтгөж байв. Ингээд төр ард иргэдийнхээ гарыг хумьж цорын ганц халамжлагч нь болж хувирч байна. Ихэнх улсад эрх баригчид ажил хийх биш, өөрсдийн нэр нөлөөгөө бэхжүүлэхэд анхаарч байгаа нийтлэг дүр зураг ажиглагдаж, дарангуйлагчид стандарт бус аргаар байр сууриа улам бэхжүүлж байна. Энэтхэгт Нарендра Модигийн Засгийн газрыг нь шүүмжлэгчидтэй хатуу тэмцэж буй. Хариуд нь “Freedom House” хэвлэлийн эрх чөлөөний индексийг нь “эрх чөлөөтэй”-гөөс “хэсэгчилсэн эрх чөлөөтэй” болгон буулгаж, “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага “Сэтгүүлчдэд хамгийн аюултай” улсаар зарлалаа. Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару сонгуулийн тогтолцоогоо шүүмжилж, “Бразилд ардчилал мөхөж байна” гэж айлджээ. ОХУ шүүмжлэгч А.Навальныйг хорьж, Беалусь бас нэгэн шүүмжлэгчийг барихын тулд онгоц хүчээр буулгав. БНХАУ Хонконгод хяналтаа чангаруулсан бол Куба улс олныг хамарсан эсэргүүцлийн жагсаалын дараа 1000 гаруй иргэдээ баривчлав. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден арванхоёрдугаар сард “Ардчилсан орнуудад тулгарч буй сорилт, боломжуудад анхаарлаа хандуулах” зорилготой ардчиллын дээд хэмжээний уулзалтыг цахимаар зохион байгуулсан ч үр дүн нь яаж гарахыг хэн ч мэдэхгүй байцгаана.

Зөвхөн 2021 онд гэхэд Мьянма, Чад, Мали, Гвиней, Судан зэрэг улсын шинэ тутам ардчилал төрийн эргэлтээр мөхөөд байна.

    Америк эргэж ирсэнгүй

Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо “Америк эргэж ирнэ” уриатай өрсөлдөж ялалт байгуулсан билээ. Эрх мэдлээ баталгаажуулсныхаа дараа тэрээр уриагаа хэрэгжүүлэх ажилдаа яаравчлан орж, холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулж эхэлсэн. Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, “Стратегийн довтолгооны зэвсэглэлийн” гэрээг таван жилээр сунган, Ирантай хийх хэлэлцээрийг сэргээхийг эрмэлзэн Йемен дэх байлдааны ажиллагааг дэмжихээ болив. Д.Трампын явуулсан “Америк бүхнээс түрүүнд” уриатай бодлогыг үгүйсгэсэн дээрх алхмууд нь эхэндээ АНУ-ын нэр хүндийг олон улсад өргөж чадсаныг хэлэх хэрэгтэй. Гэвч жилийн дараа түүний бодлогыг алаг цоог дүгнэдэг болчихоод байгаа юм. Жо Байден ганцаарчилсан тоглолт хийж, чухал шийдвэрүүдийг бие даан гаргаснаараа холбоотон улсууд, тэр дундаа Европ дахь түншүүддээ түгшүүр төрүүлэх болов. Keystone XL төслийг зогсоосон, Афганситанаас цэргээ гаргасан, вакцины оюуны өмчийн эрхээс татгалзахыг дэмжсэн, стратегийн чухал түншүүдтэйгээ зөвлөлгүйгээр AUKUS гэрээг байгуулсан зэрэг бол түүний дураараа гаргасан шийдвэрүүдийн зөвхөн нэг хэсэг нь. Дээрх шийдвэрүүд нь олон улсад АНУ-ын нэр хүндийг хамгаалж байсан хамгийн хүчтэй талуудыг үгүй хийсэн юм. Д.Трампын нэгэн адил эдийн засагтаа үргэлжлүүлэн мөнгө оруулснаар эрэлт ихэссэн ч нийлүүлэлт доголдсоноор инфляци үүсгэсэн. Гэхдээ нийлүүлэлтийн сүлжээний доголдол бол ганц АНУ-д тохиолдоогүй, олон улсын шинжтэй байсныг хэлэх хэрэгтэй.

Дээр дурдсан шалтгаануудын улмаас Жо Байдены нэр хүнд дотооддоо унаж, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших түүхэн доод хэмжээнд очжээ. Энэ БНН 2022 онд болох дундын сонгуульд ялах, улмаар 2025 онд Д.Трамп Цагаан ордонд эргэн ирэх магадлалыг тооцоолоход хүргээд байна.

    Дэлхийн дулаарлын эсрэг амлалтууд

Өнгөрсөн арав, арваннэгдүгээр сард Шотландын Глазгод болсон дэлхийн дулаарлын эсрэг олон улсын хурал, Европ, Азийг хамарсан эрчим хүчний хямралыг оны онцлох үйл явдлаар нэрлэж байна. Энэ хоёр хоёул тус, тусдаа онцлох үйл явдлаар нэрлэгдэхүйц ач холбогдолтой үйл явдал боловч хоорондоо холбоотой тул хамтатгахаар шийдлээ.

Глазгогийн хурлын тухайд, одоогоос жилийн өмнө гэхэд дэлхийн улс орнууд уур амьсгалын асуудлаар дахин хуралдах асуудал огт байгаагүй. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр таван жилийн өмнө болж уламжлал ёсоор 200 шахам улс нэгдсэн ч хэрэгжилтийн тал дээр туйлын хангалтгүй байсан бөгөөд гол санаачлагч АНУ Д.Трампын шийдвэрээр хэлэлцээрээс гараад байв. Өвөл нь бөмбөрцгийн хойд хагаст гойд хүйтэрч, АНУ-д илүүтэй мэдрэгдэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд зогсож, Д.Трампын зөв байж гэсэн үзэл санаа хүчээ аваад байв.

Эрчим хүчний бие даасан бодлоготой Техас мужид үргэлжлэн орсон хүйтэн борооны дараа салхины турбинууд нь шөнөдөө хөлдөж, сэнс нь эргэхээ больжээ. Техас муж Засгийн газрын шахалтаар сэргээгдэх эрчим хүчинд маш их хөрөнгө зарсан байв. Техасчууд гэртээ хөлдөж үхэхгүйн тулд модон тавилгуудаа шатааж байгааг телевизээр харуулсан. Цахилгаан тасарсны улмаас цэвэр усны нийлүүлэлт доголдож, иргэд дэлгүүрээс ундны усаа зөөхөд хүрсэн. Зэрэгцээд Хятад, Япон, Өмнөд Солонгост хүйтний улмаас шингэрүүлсэн байгалийн хийн эрэлт өсч, улмаар үнэ нь нэмэгджээ. Нидерланд, Германд гол нуур, сувгууд хөлдөж, нарны хавтангууд нь цасанд дарагдаж, ажиллагаагүй болсон байдаг. Австри улс хэт хүйтний улмаас гадаадаас импортоор авдаг цахилгаанаа нэмэгдүүлжээ. Ердөө 20 орчим хоног хүйтрэхэд л сэргээгдэх эрчим хүчинд хангалттай эргэлзүүлж орхисон.

Хүлэмжийн хийн ихэнхийг ялгаруулдаг Хятадад өнгөрсөн намраас эрчим хүчний хямрал нүүрлэж, нүүрсний олборлолтоо нэмэгдүүллээ. Өмнө нь Хятад, АНУ, Канад, Европын улс орнуудад нүүрсний олборлолтыг хязгаарлаад байсан юм. Гэтэл энэ нь хямд эрчим хүчний эх үүсвэр хомсдох шалтгаан болчихжээ. Нүүрсний олборлолтыг хүчээр буулгаснаас нийлүүлэлт багасаж, үнэ нэмэгдсэн байна. Дагаад эрчим хүчний үнэ ч нэмэгджээ.

Ийм л нөхцөл байдалтай байсан улс орнууд дахиад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхээр нэгдсэн нь Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонтой шууд холбоотой. Тэрээр ажлаа хүлээж авсан даруйдаа Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон эдийн засгийг дэмжихэд асар их мөнгө зарна гэдгээ  ил тод зарласан. Улмаар Глазгогийн хурал явагдахаар болсон билээ.

Хуралдаанаас дэлхийн ойн сангийн 85 хувь ногддог 114 улс Ой, газар ашиглалтын тухай хамтарсан мэдэгдэл гаргаж, энэ хүрээнд 12 донор орон 2021-2025 оны хооронд нийт 12 тэрбум ам.долларыг ойн аж ахуйн санхүүжилтэд зориулж олгох, Конго мөрний ай сав нутгийн ойг хамгаалахад зориулж 11 улс 1.5 тэрбум ам.доллар гаргах, дэлхийн 14 улс, төрийн бус байгууллага хамтран 2021-2025 оны хооронд нутгийн ард иргэдийн ой эзэмших эрхийг хамгаалах, тэдний ой, байгаль хамгаалагчийн үүргийг дэмжихэд зориулж дор хаяж 1.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгох, нийт 8.7 их наяд ам.долларын актив бүхий 30 гаруй санхүүгийн байгууллага ой устгахад чиглэсэн үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаас татгалзах зэрэг шийдвэр гарсан.

Гэхдээ л улс орнууд аяндаа эвлэлдэн нэгдсэн гэхээсээ илүү АНУ-ын шахалт, албадлагаар болж байгаа байдал ажиглагдаж л байсан юм. Австрали улс эхнээсээ оролцохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан ч Ерөнхий сайд Скотт Моррисон нь Вашингтонд айлчилсныхаа дараа бодлоо өөрчилсөн ньт үүний нэг жишээ юм. Энэ нь бодит үр дүн гарах эсэхэд эргэлзээ төрүүлсэн. Глазгогийн хурлаас гарсан протокол зарлагдахаасаа өмнө өөрчлөгдөж, “Нүүрсний хэрэглээнээс татгалзана” гэсэн зорилтыг “Нүүрсний хэрэглээг багасгана” хэмээн засварласан нь үүний баталгаа юм.

 Сансрын аялал жуулчлал ажил хэрэг болж, зорилго томров

Улирч буй 2021 онд сансар судлалын түүхэнд тодоор бичигдэх олон чухал үйл явдал тохиосон жил боллоо. Хүн төрөлхтний сансрыг эзэмших зорилго дэлхийн дагуулаас Нарны аймгийн гариг болтол томорч, оролцогч орнуудын тоо ч өсөн бол өмнө нь маш хязгаарлагдмал хүрээнд байсан /ОХУ-ын “Роскосмос” хааяа арилжааны нислэг хийдэг байв/ сансрын аялал жуулчлал бодит ажил хэрэг болж байна.

Өнгөрсөн жил сансар судлалын салбарт гарсан том үйл явдлуудыг Ангараг руу гурван улс (АНУ, БНХАУ, Арабын нэгдсэн Эмират) аппарат хөөргөж, хоёр нь буулгасан явдал гарцаагүй тэргүүлнэ. Гэхдээ энэ амжилт гэнэтийн биш. Ангараг гариг 2021 онд дэлхийд ойртож, хоорондын зай нь 401 сая км-ээс 55 сая км болтол багассан юм. Ийм тохиол 17 жил тутамд нэг л таардаг тул улс орнууд эртнээс бэлдэж байгаад ажил хэрэг болгосон хэрэг. АНУ-ын “Perseverance” тус, тусдаа үүрэгтэй 2.1 м урт 5 “гар”-тай, хөрсний дээжид шинжилгээ хийх ;klkky лаборатори, 23 камер, хоёр микрофоноор тоноглогдсон бөгөөд Ангарагын Эзеро тогооны (Jezero Crater) орчмыг сайтар судлах зорилготой. Өмнө нь хөөргөсөн Сониучхан аппаратаас тэс өөр газар буусан тул илүү мэдээлэл цуглуулна гэж найдаж буй. Энэхүү аппарат мөн жижиг хэмжээний дрон  Ingenuity-г хөөргөж, Ангарагт нисдэг аппарат ажиллах бүрэн боломжтойг нотолсон юм.

Өнгөрсөн онд БНХАУ сансар судлалын салбарт томоохон үсрэлт хийж өөрийгөө тунхаглалаа. Тус улс “Тяньвэнь-1” хиймэл дагуулыг Ангаргын тойрог замд байршуулж, “Чжужун” газар сайгүй явагч аппаратыг буулгасан төдийгүй “Тянгун” сансрын сатнцыг дэлхийн тойрог замд байгуулж эхэлсэн юм. Олон улсын сансрын станц хуучирч байгаа энэ үед БНХАУ өртөг өндөртэй эл ажлыг эхлүүлснээрээ ирээдүйд энэ салбарт байр сууриа бэхжүүлэх том алхмыг хийж байна.

Арабын нэгдсэн Эмират улс мөн “Улаан нүдэн гариг”-ийг эзэмших өрсөлдөөнд нэгдэж, цаг уур судлах зориулалттай “Аль Амаль” хиймэл дагуулаа Арабын орнуудаас анхлан тойрог замд нь байршууллаа.

Дэлхий рүү чиглэн ирж яваа солирыг замд нь дэлбэлэн устгаж байгаа талаар “Армагедон” кинонд гардаг. Тэгвэл киноны үйл явдлыг бодит амьдрал дээр давтах зорилготой DART (Double Asteroid Redirection Test) сансрын хөлөг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд хөөрсөн. Туршилтын зорилго нь аварга солиртой мөргөлдөх замаар устгах буюу чиглэлийг нь өөрчлөх туршилт юм. Мөн Нарны аймгаас цааш аялах “Lucy” аппаратыг хөөргөсөн байна.

Аливаа салбарт хувийн хэвшлийнхэн давамгайлснаар хөгжил нь хурдасдаг жишиг бий. 2021 онд сансрын аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийнхэн хүч түрэн орж ирснээр өрсөлдөөн ширүүсэж, ойрын жилүүдэд энэ бизнес цэцэглэн хөгжих нь тодорхой болов.

Британийн тэрбумтан Ричард Брэнсон “Virgin Galactic” компанийнхаа бүтээсэн, онгоцонд сууриулуулсан “VSS Unity” хөлгөөр өнгөрсөн долдугаар сарын 11-нд тойрог замд гарч жингүйдэл мэдэрчихээд ирсэн бол үүнээс 10 хоногийн дараа “Blue Origin” компани бүрэн автомат “New Shepard” хөлгөөр ижил төрлийн нислэг үйлдсэн бөгөөд компанийн үүсгэн байгуулагч, “Амазон”-ы Жефф Безос анхны зорчигчдын нэг болсон. Хоёр сарын дараа “SpaceX” компани түүхэнд анх удаа нэг ч мэргэжлийн сансрын нисгэгчгүй багийг сансарт хөөргөсөн гэх мэтээр өрсөлдөөн маш хурдацтай, ширүүн өрнөж байна. Төлбөр тооцооны “Shift4 Payments” компанийн үүсгэн байгуулагч Жаред Айзекман аяллын багийг ахалж, төлбөрийг төлсөн аж. Дэлхийн хүн амын нэг хувь нь нийт баялгийн 82 хувийг эзэмшиж байгаа гэсэн судалгааг “Oxfam” институт Давосын эдийн засгийн чуулганаар танилцуулж байсан. Сансрын аялал жуулчлалын зорилтот зах зээл нь хүсэл сонирхлынхоо төлөө өндөр үнэ төлж чадах энэхүү нэг хувь юм. Дэлхийн нийт баялгийг 82 хувийг онилсон асар том зах зээл гэж ч хэлж болох юм. Ийм том зах зээл 2021 онд үүцээ нээгээд эхэллээ. Эзэн нь өөрөө ниснэ гэдэг найдвартай гэдэг ойлголтыг үйлчлүүлэгчдэд хамгийн тод томруунаар өгөх учир Р.Брэнсон, Ж.Безос нарын зэрэг бизнесмэнүүд амь насаа дэнчин тавин өрсөлдөж байгаа юм.

 Тахлын жилийн олимп

Цар тахлаас болж нэг жилээр хойшилсон ч огноогоо авч үлдсэн “Токио 2020” зуны олимпын наадам оны онцлох үйл явдлын нэгд гарцаагүй орно. Үзэгчгүй, цар тахлын ариутгал, халдваргүйтгэл, хязгаарлалын хатуу чанд дүрэм дор, хэзээ ч зогсоход бэлэн айдас хүйдэстэй ч Япон улс хүн төрөлхтний их баярыг ямар ч байсан амжилттай зохион байгуулж чадсан билээ. Иргэд нь эсэргүүцэж байсан ч эрх баригчид нь зүтгэсээр бүтээсний шалтгааныг зарим эх сурвалжууд геополитикийн ашиг сонирхолтой нь холбож тайлбарласан байна лээ. Эх сурвалжийн хэлснээр, 2018 онд БНСУ, 2020 онд Япон, 2022 онд БНХАУ-д дараалан олимпын наадам товлосон нь тохиолдлын хэрэг биш бөгөөд цаанаа том утга учир ач холбогдолтой. Тийм ч учраас ард иргэдийнхээ эсэргүүцлийг ойшоон байж зохиоход хүрсэн гэнэ.

Цар тахлын жилийн олимпод 200 гаруй улсын 11 000 гаруй тамирчин спортын 33 төрөлд 339 цогц медалийн төлөө өрсөлдсөнөөс АНУ 113 (39 алт, 41 мөнгө, 33 хүрэл), БНХАУ 88 (38 алт, 32 мөнгө, 18 хүрэл), Япон 58 (27 алт, 14 мөнгө, 17 хүрэл) медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Их Британи 65 (22 алт, 21 мөнгө, 22 хүрэл), ОХУ 71 (20 алт, 28 мөнгө, 23 хүрэл) медаль хүртсэн амижлтаар эхний тавд эрэмбэлэгдсэн. Тамирчид цар тахлын хязгаарлалт, хөл хорионд байсаар тэмцээнтэй золгосон ч өрсөлдөөний чанар буураагүй нь “Токио 2020”-ийн нэг олз байв. Сэлүүрт завь (5 удаа), Хөнгөн атлетик (3), усанд сэлэлт (6), дугуй (3), хаданд авиралт (1), хүндийг өргөлт (1)-ийн төрөлд тус, тус дэлхийн дээд амжилт эвдэгдсэн юм.

Нийт 93 улс ямар нэг медаль хүртсэн бол 65 улс аваргатай харьжээ. Бермудын арал, Филиппин, Катар түүхэндээ олимпын анхны аваргаа өлгийдөж авсан бол Буркина-Фасо, Сан-Марино, Туркменистан анх удаа олимпоос медаль хүртэж үзэв. Спортын баялаг уламжлалтай Казахстан анх удаа олимпоос алтан медальгүй буцсан нь олимпын бас нэг онцлог мөн.

http://eagle.mn/r/96116


URL: