Энэ сарын 29-ний лхагва гарагт бүх нийтээрээ амарна
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд зааснаар энэ сарын 29-ний лхагва гарагт бүх нийтээрээ амарна.
Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр буюу 12 дугаар сарын 29-н багтдаг бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амардаг.
Ташрамд дуулгахад, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсах түүхт үйл явдал билээ. Хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд эцэс болгон, монголчууд Богд хаант Монгол Улсаа байгуулсан.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн бөгөөд Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ой энэ онд тохиож байна.
URL: