ТОСК-ийн захирал асан А.Гантулгад таван жилийн хорих ял ногдуулав
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ес дэх өдрөө үргэлжилж өчигдөр (2021.12.16) дууслаа.
Шүүх Э.Бат-Үүл Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн “Буянт-ухаа-2″ хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласанд буруутгав.
Мөн шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Түүнийг гурван жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээ хасав. Хоёр жилийн хугацаагаар хорих ял, нийт биечлэн эдлэх ялыг таван жилээр тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
URL: