Баянгол дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс “НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” аянд шаардлагатай төсвийг шийдвэрлэлээ

Баянгол дүүрэгт “Нэг өрх-Нэг иргэн” аяны хүрээнд 20000 гаруй өрхийг тандалт илрүүлгийн шинжилгээнд өчигдрөөс эхлэн хамруулаад эхэлсэн. Дүүргийн Удирдлагын шуурхай штаб хуралдаж энэ Бямба, Ням гарагт дүүргийн “Эрүүл мэндийн төв” ӨЭМТ-ийн эмнэлгүүдийн эмч ажилтнуудыг яаралтай зохион байгуулж, аяны үйл ажиллагааг түргэвчлэх шийдвэр гаргасан. Энэ дагуу өнөөдөр Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар Засаг даргад үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалт, үйл явцын мэдээллийг өгч, маргааш ээлжинд ажиллах ажилтнуудын эрүүл ахуй, халдвар хамгааллыг хангахад шаардлагатай хэрэгсэл, ариутгалын бодис, хоол унааны зардалд зарцуулагдах төсвийн дэмжлэг хүслээ.

Баянгол дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Тамгын газрын дарга Б.Нарангэрэл нар шуурхай хуралдаж Засаг даргын нөөц хөрөнгөөс зохих төсөв гаргаж “Нэг өрх-Нэг иргэн” аяны тандалт илрүүлгийн ажилд зарцуулах шийдвэр гаргалаа.

Энэ үеэр Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугараас зарим зүйлсийг тодруулсан юм.

-Дүүргийн нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн төвөөс хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг, хэдэн цэг дээр, ямар байдлаар үйл ажиллагаагаа зохион байгуулж байна вэ?

-Өнөөдөр БГД-ийн нутагт дэвсгэрт “Нэг өрх-Нэг иргэн” аяны хүрээнд нийт зургаан цэгт шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Нэг цэгт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг хоёр ээлжээр ажиллаж байгаа. Эдгээр цэгүүдээс гадна нэмэлт хоёр цэгт сайн дурын болон зорилтот бүлгийн иргэдийн шинжилгээ авч байна.

“Нэг өрх-Нэг иргэн” аяны хүрээнд дүүргийн шуурхай штабаас гаргасан шийдвэрийн дагуу өнөө өглөө нийт 280 хүний бүрэлдэхүүнтэй тандалтын баг ажиллаж эхэлсэн. Тухайн хорооны нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжээс судалгаа авч, үүний үндсэн дээр нэг баг таван хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг байр, нэг орц, нэг иргэнээс тандалтын шинжилгээ авах зохион байгуулалттай ажиллаж байна.

-БГД-ийн хувьд богино хугацаанд, өргөн хүрээг хамран шинжлэх тактик баримталжээ. Ажилтнуудын халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад шаардлагатай хамгаалах хэрэгсэл хэр дутагдалтай байна.

-Нийслэлийн эрүүл мэндийн газраас тандалтуудыг хийсэн. “Нэг өрх-Нэг иргэн” аяны хугацаа долоо хоногоор товлогдсон ч бид нийт ажилчдаа зохион байгуулж, зөв тактикаар хурдтай ажиллая гэдэг дээр санал нэгдэн дүүргийн шуурхай штабаас үндсэн чиглэлийг өгсөн. Эрүүл мэндийн төвөөс өнөөдрийн ажиллаж байгаа багийн хамгааллын хувцас хэрэгслийг хангаад маргааш ажиллах багт зарцуулагдах хамгаалах хувцас хэрэгсэл, хоол, түлшний хангалт дутагдалтай болж эхэлсэн учраас дүүргийн удирдлагууддаа хандлаа. Засаг даргын нөөц хөрөнгөөс тодорхой төсвийг, мөн ЗДТГ-ын дотоод нөөцөөс хамгаалалтын бээлий, нүүрний хаалт, ариутгалын бодисыг нэмэлтээр олгохоор шийдлээ.

-Эрүүл мэндийн төвийн даргын хувьд та нийт иргэддээ юуг анхааруулах вэ?

-“Нэг өрх-Нэг иргэн” аян бол тухайн хорооны нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжээс гаргасан судалгаанд үндэслэн зарим өрхүүдээс нэг иргэнийг сонгож тандалтын шинжилгээ хийж байгааг ойлгох хэрэгтэй. Иймд иргэд “Манайхаас шинжилгээ авсангүй, бид хамрагдаж чадсангүй” гэж бухимдах хэрэггүй. Сайн дураараа шинжилгээнд хамрагдах иргэд “Эмүжин” төв, 20-р сургууль дээр очоод шинжилгээ өгөх бүрэн боломжтой. Цаашдаа ч дүүргийн хэмжээнд шинжилгээ авах гурван цэг ажилласаар байх болно.

Дашрамд хэлэхэд Засгийн газрын шийдвэрийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Нэг өрх-Нэг иргэн” аяны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах бидний үйлсэд дэмжлэг үзүүлж буй Баянгол дүүргийн Онцгой комисс, дүүргийн удирдлагууддаа талархал илэрхийлье.


URL: