Эх орны хишгээ ул боовонд биш, утаатай хийх тэмцэлд заръя

Улстөрчдийн хэлэх дуртай үг, тэмцэхийг хүсдэг уриа нь Улаанбаатарын утаа байлаа. Харин сүүлдээ энэ сэдвээсээ уйдсан уу, яасан утаа гэдэг үгийг  огт хэлэхээ байсан. Өөрсдөө утаанаас хол, цэвэр агаарт тохилог хаусанд амьдардаг болохоор тэр үү, эсвэл энэ сэдэв улиг болж хуучирснаас үүдсэн үү ямартай ч тэд утаатай дайн зарлахаа больсоор удаж байна. Харин саяхнаас Ерөнхийлөгч  өглөө үүрээр Улаанбаатарын утаатай бичлэн танилцсан. Үүнээс өөрөөр утаатай шийдвэр гаргах төвшинд тэмцэж чадахгүй бас нэгэн өвлийг ардаа орхих гэж байна. Утааны хувьд зарсан мөнгөний хэмжээ нь лав нөлөөлөөгүй. Улсын төсвөөс багагүй мөнгө зарсан ч  Улаанбаатарын утаа хэвээрээ л байгаа. Уг нь агаарын бохирдол улиг болохоор сэдэв биш. Хүн амынх нь талаас илүү хувь нь оршин суудаг нийслэлийн утаа хүн амын эрүүл мэндэд ямраар нөлөөлж байгаа нь тодорхой. Эрүүл иргэнгүй ирээдүй ойрхон байгааг жилээс жилд өтгөрсөөр байгаа хотын утаа нотолж байна.  Тэгэхээр нийслэлийн иргэний хувьд надад нэг санаа байна. Удахгүй гар дээрээ ирэх 21,000 төгрөгөөс татгалзъя. Эх орны хишиг нэрээр ирэх энэ мөнгийг цагаан сарын ул боовонд биш Улаанбаатарынхаа утааг багасгах бодитой ажилд  зарцуулмаар байна. Эрүүл ирээдүйн төлөө уул уурхайн салбарааас орж ирэх бидэнд ногдох хэсгийг Улаанбаатарын утаанд зарвал үр дүн нь илүү гэдэгт итгэж байна. Засгийн газар удахгүй иргэн бүрд 1,5 сая төгрөг өгөх амлалтаа хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлж таарна. Учир нь ирэх жил сонгууль болно. Тэр мөнгөө ч утаатай хийх тэмцэлд нэмэрлэхийг хүсч байна. 2012 онд дахиад л өвөл ирнэ. Тэр үед хийсэн ажилтай, хэлэх үгтэй байх гарцын нэг нь байгалийн баялгаасаа орж ирэх мөнгөний тодорхой хэсгийн утааны эсрэг тэмцэлд зарах гэж би бодож байна. Харин та юу гэж бодож байна?

Цэг мн


URL:

Сэтгэгдэл бичих