Замын-Үүд-Эрээн боомтын туршилтын тээвэрлэлт эхлүүлэх бэлтгэл хангахаар болов
Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хөдөлгөөн хязгаарлаж буйтай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас Ерөнхий сайдын ажлын алба, Шадар сайдын ажлын алба, Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Боомтын үндэсний зөвлөл, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Хөх хот дахь Ерөнхий консулын газар, Эрээн хот дахь Консулын газрын дипломат ажилтнууд болон хилийн хяналт шалгалтын байгууллагын холбогдох албан тушаалтнуудын цахим уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ахалж, Замын-Үүд-Эрээн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл, Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын нөхцөл байдал, Монгол-Хятадын хилийн боомтод халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хатуу арга хэмжээ авах талаар хятадын талаас мэдэгдсэн асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үүссэн хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замын талаар санал солилцов.
Хоёр улсын хилийн дундын бүсэд Замын-Үүд-Эрээн авто замын боомтод байгуулсан чингэлэг ачих-буулгах сайжруулсан талбайн менежментийг хариуцах “Монголын төмөр зам” ХХК болон энэхүү талбайгаас Замын-Үүд авто замын боомт, гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлтийг зохион байгуулах “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын мэдээллийг сонсож, хятадын талтай тохиролцсон хугацаанд тус боомтын туршилтын тээвэрлэлт эхлүүлэхэд шаардлагатай ажлыг яаралтай гүйцэтгэж, бэлтгэл хангаж ажиллахаар болов.
URL: