С.Мөнхнасан агаарын тээврийг “авслах” уу, өөрөө АТГ-т дахин очих уу

HdfqOM3ViALtTodhsKV4ИНЕГ-ын удирдлагыг томилохгүй байгаагаас болж агаарын тээврийн салбарынхан дампуурах нь гэж салбарынхан нь хэд хоногийн өмнө бухимдаж байв. Засгийн газар ч ихэд торгон мэдрэмжтэй загнаж, ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхнасанг томилсон.

Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яамны Агаарын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга байсан гэхээр мэргэжлийн хүн болж таарч байна. Гэвч мэргэжлийн байгаад салбараа сэмбийтэл хөгжүүлнэ гэдэг нь юу л бол. ИНЕГ-ын даргаар АТГ-ын бүртгэлд орсон хүнийг томилсон нь цаанаа учиртай гэлцэж байна.

Агаарын тээврийн салбарт шийдвэрлэх асуудал маш их бий. Тэдгээрийн нэг нь Буянт-Ухаа нисэх буудал.

Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа эзгүйрсэн. Гэхдээ “томчууд”-ын шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөсөөр байгаа.

Уг нь Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлсэн билээ.

Харин Буянт-Ухааг бол Засгийн газрын тогтоолоор олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан.

Нөгөө талдаа ч “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ын радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээсэн байдаг.

Товчхондоо нэг асуудлыг хоёр хуваагаад Буянт-Ухааг бушуухан залгих гээд байна уу гэх хардлагыг төрүүлэх болсон.

Яг энэ асуудал агаарын тээврийн салбарынхны хувьд том асуудал болчихсон байхад ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилсон. Тиймээс агаарын тээврийн салбарынхан мань С.Мөнхнасанг “ацан шалаа”-нд ороод ирчихлээ гэх болжээ.

Учир нь хэрвээ С.Мөнхнасан хэдий Засгийн газрын нэг тогтоол нөгөөгөө хүчингүй болгож байгааг мэдсэн ч “дээрээс өгч буй” чиглэлийн дагуу шийдвэр гаргахгүй бол АТГ-ыг зорино. Ингэснээр хоёр жилийн хугацаанд гацаанд орж, алдагдал хүлээж эхэлсэн агаарын тээврийн салбарынхан “авслагдаж” дампуурах нь гарцаагүй гэх болжээ.

Нөгөө талаар С.Мөнхнасан агаарын тээврийн салбарт олон жил ажиллаж, ИНЕГ-аас салбарын яам хүртэл дэвшсэн, туршлагатай мэргэжилтэн гэгддэг. Гэвч тэр АТГ-т шалгагдаж буй ИНЕГ-ын өмнөх удирдлагуудын хэрэгт холбогдож байсан нь өөрөө том асуудал гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна.

Erennews.mn


URL: