МАХН-ыг удирдаж явсан Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх хоёроос бусад бүх дарга нар иргэн Н.Энхбаяр руу дайрчээ

МАН-ын шинэ хуучин дарга нар, мөн одоогийн болоод өмнө нь ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нийт долоон хүн гурав хоногийн өмнө тун сүржин мэдэгдэл гаргалаа. Тэрхүү мэдэгдлээ өдөр тутмын хэвлэлүүдийн эхний нүүрэнд томоор хэвлүүлж, бүхий л телевизүүдээр үг үсэггүй цээжилтэл давтан явуулав. Монголын нийгэмд нэр нөлөө бүхий, хамгийн том тэр дарга нар олуулаа нийлж байгаад мэдэгдэл гаргасан нь цаанаа учиртай биз. Монголчуудынхаа амьдрал ахуй, орныхоо хөгжилд амин чухал хэрэгтэй зүйлийг онцолсон байлгүй гэж бодоод шимтэн уншлаа. Харин их санасан газар хоосон хонов гэгчээр сүртэй мэдэгдлийн утга нь тун ч явуургүй зүйл байв. Тэд “иргэн Н.Энхбаярыг хувийнхаа хэвлэл мэдээллийн байгууллагаар МАН-ыг муу хэлж болохгүй, Шинэбаярыг өмөөрч болохгүй” гэж загнажээ. Ийм байж болох уу. Хувийн сонин, телевизээрээ юугаа гаргах нь эзэн хүний эрх юм. Тэгэх ч гэж өөрийн телевиз, сонинг байгуулдаг. Дээрх дарга нар ч өөрсдийн байгуулсан мэдээллийн хэрэгслээр юу дуртайгаа хийж суудгийг бид мэднэ. Тэглээ гээд хэн ч тэднийг ингэж загнадаггүй. Жирийн иргэн хэн ч бай мөнгө нь байвал телевиз байгуулаад өөрийгөө болон найз нараа магтаж болно. Бүр өдөр бүр ийм нэвтрүүлэг гаргаж болно, эзэн хүний эрхийн асуудал биз дээ. Мэдээллийн хэрэгслээр улс орны тусгаар тогтнолд халгаатай, хүчирхийлэл, аллага хядлагыг л сурталчлахгүй байвал юугаа хэвлэн нийтлэх нь тухайн эзний дурын асуудал билээ.

-Түүнээс гадна энэ дарга нар, хэвлэл дээр юу гарч болох, юу болохгүйг заах хэн болчихсон юм бэ. МАН гэсэн нэрээ сэргээгээд 1921 онд оччихсон гэж бодоогүй байлтай. Тэр үед бол харин ингэж аашилж авирлаж болох байлаа. Ардчилсан нийгэмд эрх баригчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэл рүү хөндлөнгөөс дайрч, юу хэвлэж болох, юуны тухай болохгүйг зааж зааварлах нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

Мөн дээрх мэдэгдэлд МАН-ыг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа гэжээ. 90 насандаа хуваагдаж байгаа энэ нам тусгаар тогтнолын баталгаа болж чадах уу. Өнөөдөр л гэхэд шинэ хуучин нэрээрээ хоёр хуваагдчихсан, гишүүд нь аль талд нь орохоо хүлээзнэн харж суугаа. Жирийн гишүүд төдийгүй намын лидер явсан олон хүн байдлыг харзнаж байна. МАХН-даа үлдэх маш олон хүн байгаа гэдгийг ч ажиглагчид хэлдэг. Тэгвэл нам хуваагдвал тусгаар тогтнол ч дагаад хуваагдах уу. Сонгуулиар ард түмэнд өгнө хэмээн амлаж байж Засгийн эрхэнд тогтож үлдсэн сая таван зуун мянган төгрөгөөсөө болоод өнөө маргаашгүй улс төрийн тавцангаас арчигдах гэж байгаа энэ нам Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа биш юм. Яаж ч нэрээ сольж, арьсаа татуулсан ч худал хэлснийх нь төлөө ард түмэн сонгуулиар хариуцлага тооцож л таарна. Тэд ард түмнийг хэтэрхий гэнэн хэмээн басч, яаж хуурахаа мэддэг. Харин жирийн монголчууд яаж аж төрж байгааг огт мэддэггүй. Иргэд идэх хоолтой байна уу, хоосон байна уу, даарч хөрч байгаа эсэх, охид гаж донтнуудын гарт өртөж, ажилгүй залуус архинд живж, гудамжинд хүмүүс хөлдөж үхэж байгааг огт тоогоогүй хэрнээ нэгийгээ муулах болохоор олуулаа нийлж ирээд л гарын үсгээ зурсан байгаа юм. Гэхдээ ард түмэн хариуцлага тооцвол тооцсон шиг тооцохоо мэднэ. Жилийн дараа гэхэд л сонгууль болно. Ямар ч том даргын хувь заяаг жирийн иргэд шийддэг учиртай.

Дээр нь Монгол Улсыг удирдаж буй хамгийн том албан тушаал хашиж байгаа хүмүүс болох УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд, Монголын бүрэн эрхт эзэн гэж хэлж болохоор С.Батболд, Монголын бүхий л албан байгууллагуудыг албан бусаар захирч суудаг У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч асан, Оюу толгойд хамгийн өндөр цалинтай ажил хийж байгаа Н.Багабанди, яамдаас хамгийн их төсөв захиран зарцуулах эрхтэй сайд Ё.Отгонбаяр, Элчин сайд Д.Идэвхтэн нарын албан тушаалдаа халуу оргин сагаж байгаа хүмүүс иргэн Н.Энхбаяр луу хоморголон дайрдаг нь “бөөсөнд хутга” гэгч зүйл болж байна. Монголын ард түмэн

хаан байсан хүнээ муу хэлэх дургүй. Ард түмний 40 гаруй хувийн санал авч байсан Н.Энхбаярыг өмөөрөх цаг ирж байх шиг байна. Уул нь өмөөрмөөргүй л хүн гэдэг. Эрх баригч байхдаа ямаршуухан ааш аяг гаргаж байлаа. Монголын төрийн толгойд Н.Энхбаярыг байх үед авлига хээл хахууль хамгийн ихээр цэцэглэж, шударга бус явдал дээд цэгтээ хүрсэн гэдэг юм. Гэвч хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг нь хэн нэгэнд таалагдаагүй зүйл нийтэлснээс болж өөрчлөгдөж байдаг зүйл биш. Хэн нэгэн албан тушаалтанд таалагдаагүйгээсээ болж жирийн иргэнийг хэлмэгдүүлдэг, түүн рүү төрийн машин ашиглан дайрцгаадаг энэ үйл ажиллагаа бол дарангуйлагч нийгмийн хийдэг зүйл. Ардчилсан нийгэмд “Таны хэлж байгаа зүйл надад таалагдахгүй байна. Гэвч таны наад үг хэлэх эрх чөлөөний тань төлөө би эцсээ хүртэл тэмцэнэ” гэж хэлдэг юм.

Д.Одонтуяа


URL:

Сэтгэгдэл бичих