Дархлаа сэргээх нэмэлт тунд 501,132 хүн хамрагдаад байна

corona_6Сүүлийн хоёр хоногт COVID-19-ийн халдварын 1654 тохиолдол батлагдсан байна. Улсын хэмжээнд PCR шинжилгээгээр батлагдсан нийт тохиолдол 372 мянга 853 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин түргэвчилсэн шинжилгээний хариуг оруулан тооцдог “E-Mongolia”-ийн мэдээллээр улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 634 мянга 637 боллоо.

Амралтын өдрүүдэд “коронавирус”-ийн халдварын улмаас 19 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн нэн хүнд хэлбэрээр 1878 хүн эндээд байна.

Монгол Улсад сүүлийн гурав хоногт өдөрт бүртгэгдэх COVID-19-ийн халдварын тохиолдлын тоо 1000-аас доош үзүүлэлттэй байна. Ийнхүү цаашид халдвар буурсаар байвал ирэх долоо хоног гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хоёр дахин буурахаар байгааг Эрүүл мэндийн яам онцоллоо.

Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд нийт 501 мянга 132 хүн дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад байна.

М.Аминаа

Bloomberg Tv


URL: