Ажлын бус цагаар захирал ажилтантайгаа утсаар ярихыг Португал улс хуулиар хоригложээ
Өнгөрсөн Баасан гарагт Португал улсын парламент ажилтнуудын гэрээсээ ажиллах явдлыг зохицуулах хуулийг баталж, дараа өдрөөс нь мөрдөж эхэлжээ.
Уг хуульд орсон нэг чухал зохицуулалт нь захирал удирдлагуудыг ажлын бус цагаар ажилтантайгаа утсаар, имэйлээр, мессэнжэрээр холбогдохыг хориглосон заалт болсон байна.
“Ажилтныхаа хувийн амьдралыг ажил олгогч хүндлэх үүрэгтэй” гэж уг хуульд заагаад хэрвээ дараалан зөрчигдвөл өндөр мөнгөн торгууль оноохоор тусгажээ.
Европ тивийн орнуудаас Франц улсад үүнтэй ижил төстэй хууль 2017 онд батлагдаж байв.
Португалд хэрэгжиж эхэлсэн хуульд бас ажил олгогч нь ажилтанд гэрээсээ ажиллах нөхцөл боломжийг хангаж өгөх үүргийг тусгажээ. Тухайлбал ажилтан гэрээсээ ажиллахад гарсан цахилгаан, халаалтын нэмэлт зардлыг ажил олгогч компани нөхөн төлөх ёстой болж байна.
Португал улсыг сүүлийн зургаан жил социалистууд удирдаж байгаа. Гэвч одоогийн ерөнхий сайд Антонио Костагийн засгийн газар ирэх оны эхээр тарах магадлалтай болоод байна. Саяхан тус улсын ерөнхийлөгч ээлжит бус сонгуулийг ирэх оны нэгдүгээр сард зохион байгуулах шийдвэр гаргасан нь төсөвтэй холбоотой маргаанаас үүдэлтэй байв.
Эх сурвалж: CNN
URL: