Асашорюү Д.Дагвадорж Хаан банкны луйварт оролцсон гэдгээ согтуудаа илчлэв үү?
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хаан банкны хувьцааг худалдан авах гэж байгаа хүний эцсийн өмчлөг нь хэн бэ гэдгийг тогтоож, худалдаж авах гэж байгаа мөнгө нь цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг нягтлах ёстой” гэдгийг анхааруулж, ярьсан.
Мөн тэрбээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банканд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байгаа. Энэ мөнгөнүүдийг авах талаар та бүгд ямар санаачилга гаргаж байгаа вэ. Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болох гээд байна гээд байгаа” гэх асуулга тавьсан. Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эзэмшдэг гэдгийг бүгд мэднэ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Үндэсний хөрөнгө оруулалтын банкны өр төлбөрийн асуудлыг хөндөөд эхэлсэн цаанаа нэгдүгээрт, Д.Сумъяабазарт Хаан банкны хувьцааны асуудлаас нэрээ тат гэсэн анхааруулга өгөх, хоёрдугаарт, нийтэд “Д.Сумъяабазар тэргүүтнүүд Хаан банкны 41.3 хувийн хувьцааг өөрсдийн болговол Үндэсний хөрөнгө оруулалтын банк шиг дампууруулна шүү” гэдгийг сануулсан байж болзошгүй.
Гэтэл өчигдөр Ч.Хүрэлбаатар өөрийн цахим хуудастаа “Өчигдөр шөнө Долгорсүрэнгийн Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална гэж. Би Хаан банкны 60 хувийг хэн авав. Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг Хаан-ы луйварт оролцогсод эхнээсээ үсрээд гараад ирэв үү. Тун удахгүй Хаан банкны луйварт оролцсон бусад нь ч гараад ирнэ. Нүүрс, төмөр замын хулгайгаар хөлжигсөд, ард түмний өмч, хөрөнгийг шамшигдуулагчид, эрүүл мэндийн, тэтгэврийн сангуудын тонуулчдаар гүтгүүлж, доромжлуулна гэж байхгүй шүү. Бага сагаарай. Зүгээр суухгүй шүү” хэмээн түүнд сануулсан байна.
URL: