СХД, Хэнтийн нөхөн сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

11-1УИХ-ын нөхөн сонгууль болсон хоёр тойрогт аль алинд нь сонгогчдын ирц хүрсэнгүй. Ингэснээр хоёр тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болж байна. Нэмэлт санал хураалтын товыг Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж шийдвэрлэнэ.

Хуульд зааснаар шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна. Ирц 40 орчим хувьд хүрсэн Сонгинохайрхан дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигч Э.Батшугар 24 мянга орчим санал авч тэргүүлсэн байна. Харин “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Б.Найдалаа 4784 саналаар удаалжээ.

Хэнтий аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ц.Идэрбат 11 мянга, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар 3000 гаруй санал авсан байна. Хэнтий аймагт сонгогчдын ирц мөн 40 хувьтай байсан аж. Тус аймагт ирц хүрэхгүй байхад цас их орж, цаг уурын хүндрэл нөлөөлж байгаа гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгджээ.

Санал хураалт явагдсан 148 хэсгийн хорооноос сонгогчийн ирц бүрдсэн буюу 50 хувьд хүрсэн 17 хэсэг байна. Үүнээс 16 нь Хэнтий аймагт, нэг нь Сонгинохайрхан дүүрэгт байна.

Энэ удаагийн нөхөн сонгуульд төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарцуулжээ. Сонгууль зохион байгуулахад 2000 гаруй Төрийн албан хаагч ажиллажээ.

Ж.Зоригт | @TeraReader

Bloomberg Tv


URL: