“Супер цикл”-ээ хоёр дахиа алдаж буй Монгол Улс

3534b68bf62461a33e1e5c3879d7302de9d8c425Эдийн засаг агшиж байна. Мөнгөн илэрхийлэл нь хэвэндээ ч экспорт, нийт үйлдвэрлэлийн хэмжээг тооцвол агшжээ. ДНБ-ий өсөлт энэ жил тав орчим хувьтай байна гэсэн таамгийг эдийн засагчид хийж буй. Гэвч энэ таамаглал ч хэрэгжих үү гэдэг нь эргэлзээтэй байна.

Үндэсний статистикийн хорооны гаргасан тайлангаас харвал, энэ оны эхний долоон сард экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс буурчээ. Гагцхүү манай экспортолдог түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн учир төсвийн орлого тасарсангүй. Түүхий эдийн үнийн энэ удаагийн өсөлтийг эдийн засагчид “Супер цикл” хэмээн бичиж буй. Хэрвээ үнэн бол манай улс энэ удаагийн супер циклийг харсаар байгаад алдах нь.

Үүнээс өмнөх “Супер цикл” 2000-2012 онд үргэлжилсэн ч манай улс төдийлөн ашиглаж чадаагүй. Ашигт малтмалын төслүүдээ “чулуу” болгохын оронд 68 хувийн татвар гэх мэт шинэ татварууд санаачилж, хөрөнгө оруулалтыг үргээсэн түүхтэй. 2010-2014 онд Австралид болсон үерээс үүдэлтэйгээр нүүрсний үнэ огцом өсөхөд “Чалко”-гоос 350 сая ам.доллар зээлснийхээ балгаар бас л ашиглаж чадаагүй. Сү.Батболдын Засгийн газар “Чалко”-той байгуулсан гэрээндээ Монголын талаас нийлүүлэх нүүрсний үнийг БНХАУ-ын зах зээлд үнэ буурвал дагаж буурах, өсвөл дагаж өсөхгүй байхаар зохицуулсан заалт оруулсан байсныг сүүлд, бүр аргагүй байдалд орсныхоо дараа л олон нийтэд мэдэгдэж байв.

Одоо “Супер цикл” дахин эхэлж байгаа тухай таатай мэдээ дуулдаж эхэлж байна. Гэтэл бид хоёр талдаа хилээ түгжчихээд “Газын зурвас” шиг өдөрт хэдэн машин ачаа нэвтрүүлэхийг хоёр хөршөөрөө шийдүүлж, гуйхаас өөр ид шидгүй сууж байна. Өгсөж байгаа эдийн засагтай улсын хувьд энэ бол байж боломгүй үзүүлэлт юм.

Гадны хө­рөнгө оруулалт буурч, ва­лютын үнэ нэмэгдсэн энэ үе до­тоодын үйлдвэрлэгчдэд ашигтай тусах ёстой. Онолын хувьд. Гэтэл цар тахлын олон хязгаарлалтаас болж дотоодын үйлд­вэрлэгчдийн идэвх ч саарах болчихоод байна. Түүхий эдээ 100 хувь Монголоос авдаг үйлдвэрлэгч байхгүйтэй адил байгаа нь үүнд бас нөлөөлөв.

Үйлдвэрлэл, гадаадын хөрөн­гө оруулалт гээд эдийн засгийн бүх л тулгуур үзүүлэлтүүд буурч, үнэ ханш өсөн, иргэдийн орлого л хэмжээндээ үлд­сэн байна.

Он дуусахад гурван сарын хугацаа үлээд байхад нүүрсний олборлолт төлөвлөсөн хэмжээндээ хүрээгүй ч одоо байгаа нөхцөл байдлыг бодолцвол “их юм” гэлтэй. Улсын төсвийн орлого бүрдүүлэхдээ 6900 ам.доллараар тооцсон зэс, нүүрс зэрэг түүхий эдийн ханш нэр төрөл тус бүр дээрээ өсөж байж энэ жилийг мэнд давлаа. Энэ удаагийн өсөлт супер цикл биш бол яах вэ, ирэх жил үнэ буцаад буурвал гэсэн асуулт айдас төрүүлнэ. Бондын төлбөрүүд нэхэгдэнэ. Засгийн газар хүүхдийн мөнгийг хадгаламжинд хийх сонголттойгоор олгоно гэсэн нь зах зээлд нийлүүлэх мөнгөний нийлүүлэлтийг багасгах бодлого барьж байгаагаа далд утгаар илэрхийлсэн. Зах зээлд нийлүүлж байгаа төгрөг бүр инфляцид нөлөөлдөг болохоор арга ч үгүй. Одоо бидэнд ирэх жилийг алдагдал багатай давъя гэвэл төсвөө чамбай боловсруулж, валютын шинэ эх үүсвэр олохоос өөр гарц алга. Рио Тинто 350 сая ам.долларын ашгийг урьдчилж өгөх санал тавьсан ч Засгийн газар хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Монгол Улс уул уурхайгаас их олз орж ирсэн 2009 оноос хойш төсвөө тэлэх бодлого явуулж, мөнгөний нийлүүлэлтийг байнга нэмэгдүүлж ирсэн билээ. Зөвхөн энэ үеэс хойш л гэхэд Монгол Улсын төсөв зургаа дахин нэмэгдсэн байна /2008 оны төсвийн тухай хуулиар нэгдсэн төсвийн нийт орлого 2,423.2 тэрбум төгрөг, нийт зарлага 2,560.1 тэрбум төгрөг байсан/. Сүүлийн хоёр жилд бүтээн байгуулалт руу их “мөнгө” хийснээ багасгавал ирэх жилийн төсөв энэ жилийнхээс бага байх ёстой. Учир нь ирэх хоёр жил сонгуульгүй. Иргэд бүсээ чангална, гэхдээ хариуцлагатай, алдагдалгүй төсөв баталъя гэвэл “сонгуулийн” тодотголтой өмнөх хоёр жилийнхээсээ буурах нь гарцаагүй хэрэг.

http://eagle.mn/r/92310


URL: