“Pandora Papers” Ерөнхий сайд асан С.Батболдын мэдээллийг ил болголоо

icij.org

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагын Ням гарагт ил болгосон оффшор хөрөнгийн талаар мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдыг нэрлэсэн байна. Ингэхдээ  “Хүчирхэг тоглогчид” гэсэн бүлэгт багтаажээ.

С.Батболдын танилцуулгад “Улстөрч болохоосоо өмнө уул уурхайгаар баяжсан” хэмээн тодотгосон байна. Мөн уул уурхайн гэрээ байгуулахдаа олон зуун сая доллар завшсан гэх хэргээр Их Британи, Сингапур, АНУ-ын шүүхэд зарга үүссэн талаар дурджээ.

Тэгвэл “Pandora Papers”-ийг ил болгосон ICIJ-ийн сэтгүүлчдэд С.Батболдын Америк дахь өмгөөлөгч ярилцлага өгөхдөө С.Батболд өөрт нь тулгасан мэдэгдлийг эсэргүүцдэгээс гадна ямар ч шүүх түүнд тулгасан нэхэмжлэлээс буруутгасан үнэнийг нь тогтоож чадаагүйг хэлжээ.

“Pandora Papers”-т бичсэнээр:

С.Батболд 2006 оны дөрөвдүгээр сард, Үйлдвэр, худалдааны сайд байхдаа “Quantum Lake Trust” хэмээх хөрөнгө итгэмжлэх нэгжийг оффшор бүс буюу Английн Гернси гэх санхүүгийн төвд байгуулсан. Тус компани нь Их Британийн Виржиний арлуудын өмнөдөд байгуулагдсан “Premier Edge Ltd”-ийг эзэмшдэг бөгөөд С.Батболд 2005 онд анхны хувьцаа эзэмшигч болжээ.

2006 онд “Premier Edge Ltd” компани Лондонд тансаг зэрэглэлийн хоёр сууцыг 8.8 сая ам.доллароор худалдан авсныг дурдсан байна.

ICIJ -ийн асуултуудад С.Батболдын зөвлөх хариулахдаа Ерөнхий сайд асан С.Батболд хууль ёсны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчилж худалдаж авсан ба Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдсөн гэдгийг хэлжээ.

Мөн “Түүнийг уул уурхайн салбарт орохоос өмнө гэр бүлээрээ болон гэр бүлийн гишүүд нь Лондонд амьдарч, ажиллаж байсан нь нууц биш” хэмээн хэлсэн байна.

2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын шүүх С.Батболдыг Монгол Улсад 400 сая ам.долларын хохирол учруулсан хэмээн хэрэг нээсэн талаар мэдээлэл цацагдаж байсан юм.

Тэрбээр өмнө нь мөн 2016 онд ил болсон “Panama papers”-т нэр холбогдож байв.

Энэ удаа The Washington Post, BBC, The Guardian зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын 600 орчим сэтгүүлч “Pandora Papers” -ийг ил болгоход оролцож, татваргүй бүсүүдэд байрладаг 14 санхүүгийн компаниас алдагдсан 11.9 сая бичиг баримтыг нэгтгэж боловсруулсны үндсэн дээр дэлхийн 90 улсын 336 улстөрч, өндөр албан тушаалтныг нууц хөрөнгөтэй болохыг мэдээлээд байгаа билээ.

Үүнд Монголоос хоёр улстөрч холбогдоод байгаа. Одоогоор Ерөнхий сайд асан С.Батболдын мэдээлэл ийнхүү ил болоод байна.

ICIJ-ийн мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа үргэлжилж байгаа юм. Бид тухайн мэдээллийг ил болмогц мэдээлэх болно.


URL: