Санаж байна уу, есдүгээр сарын 11-нийг?
Одоогоос 20 жилийн өмнөх есдүгээр сарын 11-ний өдөр террористууд нисэх онгоц барьцаалж, Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт халдсан үйл явдал дэлхий нийтийн сэтгэлд тод үлджээ. Халдлагын улмаас 2977 хүн амиа алдаж, олон мянган хүн бэртэж, Амаерик 20 жил үргэлжилсэн Афганистаны дайныг эхлүүлсэн түүхтэй. Ийн Нью-Йорк хотын Манхеттен дүүрэгт террорист халдлагад амь үрэгдэгсдийг дурсах ёслол бямба гарагт боллоо. Ёслолын арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхийлөгч асан Барак Обама, Билл Клинтон нар болон бусад албаны хүмүүс оролцжээ. Ихэр цамхаг байсан газарт одоо дурсгалын усан сангууд байрладаг юм. Энэ үеэр Жо Байден “Есдүгээр сарын 11-нээс миний ойлгосон гол зүйл бол Америкийн хамгийн том хүч бол эв нэгдэл юм” гэжээ.
Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгч Жо Байдены захирамжийн дагуу есдүгээр сарын 11-ний террорист халдлага, Саудын Арабын Засгийн газар онгоц барьцаалсан этгээдүүдийг дэмжсэнтэй холбоотой хэд хэдэн баримтыг нийтэд танилцууллаа.Нууцын зэрэглэлээс 2016 онд хассан дээрх баримтад 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр онгоц барьцаалсан хоёр эрэгтэйд Лос Анжелес дахь Саудын Арабын консулын ажилтан, тагнуулын албаны мэргэжилтэн тусламж үзүүлсэн талаар бичжээ.
Тодруулбал, Лос Анжелес дахь Саудын Арабын оюутан, Холбооны мөрдөх товчооноос Саудын Арабын тагнуулын агентлагтай холбоотой хэмээн сэжиглэж байгаа Омар аль-Байоумигийн тухай гэрчийн мэдүүлэг болон бусад нарийвчилсан мэдээлэл ил болсон юм. Уг мэдээлэлд Омар аль-Байоумиг онгоцыг барьцаалсан хоёр хүнд санхүү, орон байрны том туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгажээ.
Вашингтон дахь Саудын Арабын Элчин сайдын яамнаас өнгөрсөн лхагва гарагт “Холбооны мөрдөх товчооноос шинэ баримтуудыг ил болгох гэж байгаа нь сайн. Гэхдээ есдүгээр сарын 11-ний халдлагад Саудын Араб улс оролцсон гэсэн мэдээллүүд худал” гэж мэдэгдээд байв.АНУ-ын Хууль зүйн яамны хэвлэлийн ажилтан наймдугаар сард есдүгээр сарын 11-ний халдлагыг үйлдсэн онгоц барьцаалагчдын мөрдөн байцаалттай холбоотой асуудлыг шүүхээс хаахыг Засгийн газар зөвлөсөн хэмээн зарлаж байв. Тэрбээр “Дүүргийн шүүхээс хэргийг хаасан ч Холбооны мөрдөх товчооноос халдлагыг ил тод болгох нэмэлт мэдээллүүдийг эргэн харахаар шийдсэн. Эдгээр баримтыг удаахгүй нийтэд ил болгоно” гэсэн байна.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: