Энэтхэгт “нипа” вирусээр 12 настай хүү нас баржээ

Indian boy dies of Nipah virus in Kerala after being hospitalized with  symptoms | Al Arabiya English

Энэтхэгийн эрх баригч нар өнгөрсөн долоо хоногт сарьсан багваахайнаас гаралтай Нипа вирусээр арав гаруй хүн халдварлаж, 12 настай хүү нас барсан талаар мэдээллээ. Одоогийн байдлаар энэ вирусээс хамгаалах вакцин бүтээгдээгүй байна.

Вирусийн халдвар тархсан Кирала муж руу эрдэмтдийн баг илгээн нутгийн эрүүл мэндийн ажилтнуудад туслах, судалгаа шинжилгээ хийх үүрэг өгчээ. Нас барсан хүүгээс авсан дээжнээс Нипа вирус илэрсэн бөгөөд хүү нас барахынхаа өмнө тархи, зүрхний булчин өвдөх зэрэг шинж тэмдэг үзүүлж байсан гэнэ.

Кирала мужид тус вирусээр нийт 11 хүн өвчилсөн нь нас барсан хүүгийн эцэг эх, хамаатнууд, эмч нар аж. Түүнчлэн халдвар авсан хүмүүсийн 250 орчим хавьтагчийг тодорхойлон шинжилж эхэлсний 54 нь хамгийн эрсдэлтэй байдалд байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Нипа вирус үхэлд хүргэх эрсдэл маш өндөр буюу 40-75 хувь гэнэ. Харьцуулж үзвэл, өдгөө дэлхийг нөмөрч буй Covid-19 өвчний үхэлд хүргэх эрсдэл 1-2 хувь юм. Гэхдээ Нипа вирус цар тахлыг бодвол халдварлах чадвар арай сул гэнэ. Тухайлбал, цар тахал агаар дуслын замаар дамждаг бол Нипа вирус ахуйн хүрээнд, ойрын харилцаанд орсон хүмүүсийн дунд тархдаг ажээ.

Одоогийн байдлаар тус вирусд тусгайлан зориулсан эмчилгээ, вакцин гэж үгүй тул эмчлэхэд нэн төвөгтэй байна. Гурван жилийн өмнө энэхүү халдвар Кирала мужид дэгдэхэд Энэтхэгийн эрх баригчид Австралиас эсрэг биетийн эм авч хэрэглэж байв. Тиймээс энэ удаад ч гэсэн ижил арга хэрэглэхээр эм захисан байна.

Эх сурвалж: RT.COM


URL: