Ховд аймгийн иргэдийн 9.5% нь COVID-19-ийн халдвараар өвчилсөн нь Улаанбаатарын тархалтаас өндөр байна
COVID-19 халдварын тархалт өнгөрсөн зургаадугаар сарын оргил үеийг давж, хоногт 3,800 орчим тохиолдол бүртгэгдэж эхэллээ.
Шинээр бүртгэгдэх халдварын дийлэнх нь буюу 70-80 хувь нь орон нутагт илэрч байгаа юм.
Ялангуяа Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Дархан-Уул зэрэг аймагт халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна.
Сүүлийн хоногт Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтэй, Төв гэсэн найман аймагт 100-аас доош тохиолдол илэрсэн бол бусад аймагт 117-368 хүн шинээр халдвар авчээ.
Өнөөдрийн байдлаар орон нутагт бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 90,555 болсон бол Улаанбаатар хотод 129,862 тохиолдол бүртгэгдсэн нь нийт хүн амынх нь 8.1 хувийг эзэлж байна.
Улаанбаатар хот болон аймгуудад нийт батлагдсан тохиолдлыг оршин суух хүн амын тоотой нь харьцуулж тооцож үзлээ. Ингэхэд Ховд аймгийн хүн амын 9.5 хувь нь коронавирусийн халдвараар өвчилсөн байгаа нь тус аймагт халдварын түвшин Улаанбаатар хотынхоос ч өндөр байгааг харуулж байна.
Тус аймагт наймдугаар сарын эхээр Бүсийн наадам зохион байгуулагдсан нь халдвар эрс нэмэгдэх болсон шалтгаан болсон гэдгийг өмнө нь ХӨСҮТ-ийн ерөнхий захирал мэдээлж байв.
Мөн Дархан-Уул аймгийн иргэдийн 7.9 хувь, Баян-Өлгий аймгийн иргэдийн 6.5 хувь Баянхонгор аймгийн иргэдийн 6.4 хувь нь халдвар авсан нь тархалт өндөр байгаад тооцогдож байна.
Аймгуудын хүн амын тоог халдварын тохиолдолтой харьцуулсан байдал:
- 110,597 хүн оршин суудаг Баян-Өлгий аймгийн 6.5 хувь буюу 7,275 хүн,
- 57,674 хүн оршин суудаг Говь-Алтай аймгийн 8.3 хувь буюу 4,834 хүн,
- 72,763 хүн оршин суудаг Завхан аймгийн 4.9 хувь буюу 3,636 хүн,
- 83,524 хүн оршин суудаг Увс аймгийн 5.3 хувь буюу 4,500 хүн,
- 90,533 хүн оршин суудаг Ховд аймгийн 9.5 хувь буюу 8,621 хүн,
- 94,088 хүн оршин суудаг Архангай аймгийн 4.5 хувь буюу 4,240 хүн,
- 88,955 хүн оршин суудаг Баянхонгор аймгийн 6.4 хувь буюу 5,731 хүн,
- 61,955 хүн оршин суудаг Булган аймгийн 4.9 хувь буюу 3,037 хүн,
- 107,765 хүн оршин суудаг Орхон аймгийн 6.2 хувь буюу 6,719 хүн,
- 115,732 хүн оршин суудаг Өвөрхангай аймгийн 4.3 хувь буюу 4,991 хүн,
- 135,705 хүн оршин суудаг Хөвсгөл аймгийн 2.7 хувь буюу 3,777 хүн,
- 17,965 хүн оршин суудаг Говьсүмбэр аймгийн 6.6 хувь буюу 1,190 хүн,
- 106,909 хүн оршин суудаг Дархан-Уул аймгийн 7.9 хувь буюу 8,465 хүн,
- 71,207 хүн оршин суудаг Дорноговь аймгийн 1.4 хувь буюу 1,066 хүн,
- 46,981 хүн оршин суудаг Дундговь аймгийн 4.4 хувь буюу 2,081 хүн,
- 70,371 хүн оршин суудаг Өмнөговь аймгийн 1.3 хувь буюу 952 хүн,
- 109,285 хүн оршин суудаг Сэлэнгэ аймгийн 4.7 хувь буюу 5,234 хүн,
- 93,162 хүн оршин суудаг Төв аймгийн 5.4 хувь буюу 5,107 хүн,
- 83,087 хүн оршин суудаг Дорнод аймгийн 4.5 хувь буюу 3,795 хүн,
- 63,822 хүн оршин суудаг Сүхбаатар аймгийн 3.7 хувь буюу 2,401 хүн,
- 78,172 хүн оршин суудаг Хэнтий аймгийн 3.9 хувь буюу 3,106 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ.
Харин 1,597,290 хүн оршин суудаг Улаанбаатар хотод 129,862 хүн халдвар аваад байна.
Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.
Тиймээс хичээл сургууль эхэлсэн энэ үед эцэг эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг ЭМЯ-наас анхааруулсаар байгаа.
Түүнээс гадна ”Вакцинд хамрагдсан эсвэл өвчлөөд эдгэрсэн буюу вирусийн эсрэг дархлаатай хүмүүс нь вакцинжаагүй хүмүүсийг халдвартай хүнээс хамгаалах амьд бамбай болдог” гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан.
Тиймээс халдвараас сэргийлж дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
URL: