Тавантолгой “нохойн замаар” орох нь
Монгол Улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний тавд багтдаг. Манай улсад 200 гаруй нүүрсний орд байдгаас 50 нь ашиглагдаж байгаа аж. Дэлхийн хэмжээнд нүүрсний нөөц 14.3 их наяд тонн байдгаас манайд 162.3 тэрбум тонн нь бий гэх судалгаа байдаг. Тэгээд ч манай улс нүүрсний томоохон экспортлогч Австралиас илүү нөөцтэй гэдгээрээ ялгардаг.
Түүнчлэн энд нэг зүйлийг тодруулахад, коксжих нүүрсээрээ Монголдоо тэргүүлэгч. 6.4 тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн ордыг төр 100 хувь мэдэлдээ байлгахаар болсон. Улмаар орд газрын 10 хувийг ард иргэдэд үнэ төлбөргүй олгох, 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд арилжих, мөн тодорхой хувийг олон улсын хөрөнгийн биржид гаргаж хөрөнгө босгох шийдвэрийг УИХ өнгөрсөн хавар гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” хэмээх охин компани байгуулж 15 тэрбум хувьцаа гаргаж нэг иргэнд 500 хувьцаа ногдохоор тооцоолоод буй.
“Эрдэнэс-Тавантолгой” компанийг Л.Энэбиш даргаар удирдуулахаар болж яг, таг тохирсон. Гэтэл энэхүү охин компани өнөөг хүртэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Бэлтгэл ажил тодорхой хугацаанд хийгдэж байж мэндэлсэн атлаа өнгөрсөн сар гаруйн хугацаанд бүртгүүлэхгүй байгаа шалтгаан нь юу вэ. Уг нь энэ компани мэндэлснээр Монголчууд Тавантолгойн орд газраас Ерөнхий сайдын ам гарсан тэр хувь хишиг хүртэх алхам нэг шатаар урагшиллаа хэмээн баярлаж суусан. Тэгвэл өнөөдөр энэ компанийг албан ёсных гэх үү, эсвэл…
Дээр нь орд газрын шимтэй хэсгийг нь “Энержи Ресурс”-т өгчихсөн гэх. Өөрөөр хэлбэл, энэ компанид өгсөн Тавантолгойн нийт эдэлбэр газрын дөрвөн хувь болох Ухаа худагт нийт нөөцийн 1.4 тэрбум нь багтдаг. Сүүгээр бол өрөм нь гэсэн үг. Тодруулбал, 1.4 тэрбум тонноос 680 сая тонн нь коксжих нүүрс гардаг. Тэгэхээр Тавантолгойн нийт нөөцийн гуравны нэгийг ганцхан компанид өгчихөөд үлдсэн жаахан хусмыг нь Монголын ард түмэн хуваана. Ингэхдээ хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард суух үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод өгсөн.
Оюутолгойн ордыг гадныханд худалдсан гэх хардлагыг төрүүлээд байгаа эрхэм түшээд дараагийн хоолоо даатгасан нь бас л асуудал. Эцэстээ Тавантолгойн орд газар тамын тогооны үлгэр шиг болох нь хэмээн эрдэмтэд сэтгэл зовниж эхэллээ. Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Амлалт нэхэх ард түмний холбооны өлсгөлөнг л зогсоох түр зуурын арга байсан. Үүнтэй адил энэ жил иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн эх үүсвэр Тавантолгойн урьдчилгаанаас хамаарна. Хоёр ордоо яаран, сандран эргэлтэд оруулах болсон шалтгаан нь ердөө л энэ.
Хятад бол манай улсын хамгийн том худалдан авагч. Тус улс өнгөрсөн жил 300 гаруй сая тонн нүүрс импортлох шаардлагатай байсан ч 100 гаруй сая тонн нүүрс худалдан авчээ. Жил ирэх тусам нүүрсний хэрэглээ нь нэмэгдэж буй тус улс манай Тавантолгойн орд газрыг ихээхэн сонирхож буй гэх…
Нүүрс нь дэлхийд ХХ1 зууны эрчим хүчний эх сурвалжийн үүргийг гүйцэтгэхээс гадна химийн аж үйлдвэрийн үндсэн түүхий эд болох талаар эрдэмтэд санал нэгтэй үзэж буй. Тэгэхээр одоогийн яригдаж буй хувилбар, болж байгаа үйл явдлаас харахад, Тавантолгойн орд “нохойн замаар” орох нь тодорхой болж байх шив.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: