FT: Рио Тинто компани “Оюутолгой” төслийн асуудлаар Монголын Засгийн газарт санал тавьсан

283712-31082021-1630372754-820755741-rio_tinto“Rio Tinto” компанийн зүгээс “Оюутолгой” төслийн асуудлаар Монгол Улсын Засгийн газарт санал тавьсан талаар “Financial Times” мэдээллээ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр Монголын талын авсан зээлийн хүүг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тодруулбал: өнгөрсөн долоо хоногт “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд болон “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибо нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд захидал хүргүүлсэн байна.

Захидалд хөрөнгө оруулагч тал татвар болон бусад хураамжаас гадна ирэх гурван жилийн хугацаанд Монголын талд 350 сая ам.долларын нэмэлт орлого бий болгох талд Засгийн газартай хамтран ажиллах санал тавьжээ. Энэ орлогыг нийгмийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж “Rio Tinto” захидалдаа дурдсан байна. Түүнчлэн зээлийн хүүг бууруулахаас гадна “Оюутолгой” төслийн эзэмшлийн бүтцийг сууриар нь өөрчлөх талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” төслийн 34 хувийг, “Turquoise Hill Resources” 66 хувийг эзэмшдэг.

Харин “Rio Tinto”-ийн зүгээс хэд хэдэн зохицуулалтын болон төсвийн асуудлыг шийдэж, урт хугацааны эрчим хүчний гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн Монгол Улсын Засгийн газар болон “Turquoise Hill Resources” компанитай цаашид бүтээлчээр хамтран ажиллаж, яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ гэж найдаж байна гэсэн байна.

“Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшлоод байгаа юм. Бүтээн байгуулалтын зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон нь геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гараад байна.

Б.Батцэцэг

https://gogo.mn/r/dn4el


URL: