Монголын тамирчин уран гулгалтын дэлхийн аваргад өрсөлдөв
Беларусын нийслэл Минск хотноо зохиогдож буй уран гулгалтын залуучуудын ДАШТ-д Монголын тамирчин оролцлоо. Хоёрдугаар сарын 27-нд нээлтээ хийсэн энэхүү тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон хосын уран гулгалт, мөсний бүжгийн төрөлд хурд хүчээ сорьж байгаа юм.
Монгол Улсын тамирчин Гансүхийн Марал-Эрдэнэ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн урьдчилсан үзүүлбэрт 44.2 оноо авч 36 тамирчнаас 35 дугаар байрт шалгарчээ. Түүний ард Хорватын тамирчин Эми Липовсак 40.4 оноогоор оржээ.
Г. Марал-Эрдэнэ нь 16 настай. 1996 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо төрсөн. Одоогоор Японы Нагояа хотын дунд сургуульд суралцдаг бөгөөд 2005 оноос уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Түүний дасгалжуулагчаар нь Ёрико Кикегава гэдэг япон хүн ажилладаг юм байна. Г.Марал-Эрдэнэ “Балтийн цом”, “Таллины цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцож байжээ. Залуучуудын ДАШТ энэ сарын 4-нд өндөрлөх юм.
Д.САРУУЛ
URL: