Эхний найман сарын байдлаар соёлын өвийг хулгайлах гэмт хэрэг долоо бүртгэгджээ

a0d239d7a209edf4c35ed53ce7796b8b2a99072d_20200610123228(5)

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3-р хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр нар сүүлийн үед гарч байгаа соёлын өвийн хулгай, хадгалалт хамгаалалтын асуудлаар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны 3 дугаар хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн хошууч С.Бямбадэлгэр “2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт Соёлын өвийн эсрэг гэмт хэргийг хуульчлан оруулсан.

Тухайн төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга нь мөнгө угаах гэмт хэргийн үйлдэлтэй төстэй байх ба үүнээс гадна хулгай, залилан, булш бунхан, хиргисүүр ухаж сүйтгэх, тэдгээрээс гарсан эд зүйлийг улсын хилээр давуулан гадаад улсад худалдан борлуулах зэрэг байна.

Гэмт хэрэг үйлдлэгч нар нь ихэвчлэн эртний эдлэлийн ченжүүд гэх тодотголтой иргэд, энэ төрлийн гэмт хэргийг өмнө нь үйлдэж, удаа дараа ял шийтгүүлж байсан хүмүүс байгаа бол захиалагч нар нь гадаад улсын иргэд байна. Ялангуяа манай улсад цагаачлан амьдарч буй, удаан хугацаанд оршин сууж байгаа иргэд захиалж байгаа харагдаж байгаа” гэв.

Соёлын өв хулгайлдаг бүлэг этгээдийн хоёр нь Өршөөлийн хуулиар суллагдсан байжээ

Түүнчлэн тэрбээр “Эрүүгийн хуулийн 25 дугаар бүлэгт заагдсан дээрх төрлийн гэмт хэрэг нь хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш буюу 2017 оны долдугаар сарын 1-нээс хойш 25 бүртгэгдсэн. Үүний 11-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон, эцэслэн шийдвэрлэсэн. Одоогоор есөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Харин түүх соёлын эд зүйлс хадгалагдаж буй музей, хийдэд үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэг жил тутамд өсөх хандлагатай байна. Энэ оны эхний найман сард нийт долоон гэмт хэрэг бүртгэгдсэнээс цагдаагийн байгууллага зургаан хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон. Нэг хэргийг мөрдөн шалгаж байна” гэсэн юм.

Соёлын өвийг хулгайлах гэмт хэрэг илрүүлэн ажлын хэсгийнхний шалгалтын үр дүнд Монгол Улсын таван иргэнийг саатуулан шалгасан байна. Ингэхэд тухайн бүлэг этгээд нийт зургаан удаагийн үйлдлээр Архангай, Завхан, Өвөрхангай аймаг, Сонгинохайрхан, Багануур дүүргийн хийдүүдээс Майдар бурхан, Богд Зонхов бурхан, Өндөр Гэгээн Занабазар, Алтангэрэл судар, эмээлийн тоног зэргийг хулгайлсныг тогтоон, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Дээрх таван иргэний хоёр нь Өршөөлийн хуульд хамрагдсан суллагдсан нь шалгалтын явцад мөн тогтоогдсон байна.

Түүх соёлын дурсгалыг хадгалж буй музей харуул хамгаалалтаа сайжруулж, камержуулах хэрэгтэйг цагдаагийн хошууч  С.Бямбадэлгэр онцлохын хамт соёлын өвийн гэмт хэргийн эсрэг бүх нийтийн оролцоо чухал байгааг дурдав.


URL: