С.Амарсайхан: Эмнэлгийн нийт орны 18 хувь нь сул байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өчигдөр УОК-ын Шуурхай штабад ажиллав. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө:
-Одоогийн байдлаар эмнэлгийн нийт орны 18 хувь нь сул байна. Эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр суурилуулж эхэлсэн. Баянгол дүүргийн эмнэлэгт суурилууллаа. ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр хэвийн ажиллаж байна. Өнөөдөр эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн 2000 баллон шинээр нийлүүллээ.
Аймгуудад вакцинжуулалт 69 хувьтай байна. Хоёр дахь тундаа хамрагдах иргэдийн идэвх сул байна. Хоёр дахь тундаа хамрагдаагүй 200 мянган иргэн байна. 12-17 насны 150 мянган хүүхэд вакцинд хамрагдсан. Энэ насны нийт 290 мянган хүүхэд бий. Вакцин хийлгэсэн жирэмсэн эхчүүдийн тоо 4800 болсон. Ирэх долоо хоногоос вакцинжуулалт үргэлжилнэ.
Нийслэлд явуулын 40 амбулатори ажиллаж байна.
Энэ сард нийт 30 нислэгээр 4800 иргэнээ хилийн чанадаас татан авчирна. Энэ сард 1400 иргэн ирээд байна. Тэдний 650 нь тусгаарлах байранд байна. Дельта хувилбарын мутацаас урьдчилан сэргийлэхийн тулд хилийн чанадаас ирэх иргэдээс сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байхыг шаардана. Мөн ирээд хяналтад байна.
Иргэд аймгууд руу олноороо зорчиж байна. Энэ сарын 9-нөөс хойш 30 мянган иргэн нийслэлийн товчоодоор орж гарчээ. Долоон аймаг, 60 суманд хөдөлгөөний хязгаарлалттай байна. Эдгээрээс бусад аймгууд руу иргэд чөлөөтэй нэвтэрч болно. Аймгийн төв рүү орох иргэдээс л PCR шинжилгээ авах шаардлага тавьж байна. 119 тусгай дугаарын баг өдөрт 1500 дуудлага хүлээн авч байна. Баяр наадмаас өмнө өдөрт 5000 орчим дуудлага хүлээн авдаг байв. Хэдий дуудлага, эмнэлгүүдийн ачаалал буурсан ч наадмын дараа халдвар дахин нэмэгдэх эрсдэлтэй. Иймд хөдөө явсан иргэд аль болох хүн багатай газруудаар аялаарай.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө:
-Аймгууд дахь хүнд өвчтөний тоо мөн буурч байна. Хөдөө явсан иргэд аймгуудад очоод халдвар авсан гэх мэдээлэл одоогоор алга. ДЭМБ-ын зөвлөснөөр бид үндэсний баг бүрдүүлэн, аймгуудад шуурхай тусламж үзүүлэх зорилгоор илгээхээр бэлтгэл хангаж байна. Орон нутгаас биеийн байдал хүнд хоёр хүнийг нийслэл рүү онгоцоор авчирна. Наадмын өдрүүдэд шуурхай штабад 185 хүн ажиллаж байна.
URL: