17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргажээ.

Өнөөдрийн байдлаар 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байна.

Дэлхийн түүхэнд тарваган тахлын гурван томоохон дэгдэлт/пандеми/ бүртгэгдсэн байдаг.

Анхны цар тахал “Юстинианы тархвар” нэртэйгээр (531-580 он) Хойд Африк, Ойрхи Дорнод, Византийн хаант улсын нутаг дэвсгэрийг хамарч, 100 сая орчим хүн эрсэдсэн байна.

Хоёрдугаар тохиолдол нь ХIV зууны үед Зүүн Өмнөд Азиас эхэлж, Африк, Европт тархан 60 сая орчим хүний амь насыг хөнөөжээ. Энэхүү цар тахлыг “Хар үхэл” гэж нэрлэсэн бөгөөд, учир нь Дани улсад тахлаар нас барсан хүмүүсийн үхдэл маш хурдан харлаж, заримдаа нүүрс шиг хар болж байсантай холбоотой ажээ.

Гуравдугаар цар тахал 1894 онд Хонг Конгт эхэлж, далайн хөлөг онгоцонд үүрлэсэн хархаар Европ, Ази, Америк, Африк ба Австрали тивийн усан зам, боомтын 87 хотод тархсан бөгөөд тухайн үеийн халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд гамшиг нь өмнөх цар тахлаас бага байжээ.

Уг өвчинтэй тэмцэхэд иргэн хүний оролцоо чухал бөгөөд тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзаж чадвал өөрийн, цаашлаад нийтийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас сэргийлж чадах юм.


URL: