Монгол наадмын ГЭГЭЭН ДУРСГАЛД зориулав
Сүхбаатарын талбайд NoNaadam, YesNaadam жагсаал болж эхнийх нь 20-иод насны залуусын төлөөлөл, хоёр дахь нь морьтон эрчүүдийн давамгай оролцоотой болж өндөрлөлөө. Аль аль нь бага насны хүүхдийг олон нийтэд хандсан үг хэлүүлж нийгмийн сүлжээн дэх сурталчилгаандаа ашигласан байв. Мөн ковидын түүхэнд анх удаа халдвартай гэдгээ мэдсэн 35 настай монгол залуу өөрөө явж эмнэлгийн тусламж авах гээд хүлээж авах газар олдохгүй байсаар Улаанбаатарын нэгэн эмнэлгийн гадна нас нөгчив. Үүний дараахан Ерөнхий сайд Замын-Үүд боомтод зочилж, тээврийн хэрэгслийг ариутгах зориулалттай хэмээх хачирхалтай бүтээн байгуулалтыг нүдээр үзээд, алдааг засахыг үүрэг болгоод буцлаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 2-нд болж “Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг улсын хэмжээнд нэг жилээр хойшлууллаа. Мөн аймаг, сумдын баяр наадам, хурдан морины бүсийн уралдаан, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгов” гэсэн шийдвэр гаргасан билээ.
Энэ жил анх удаа монголчууд наадмын нээлт үзэхгүй нь. Есөн хөлт цагаан тугаа наадмын талбайд залахыг, ерөнхийлөгч талбайн голд зогсоод мэндчилгээ дэвшүүлэхийг үзэхгүй учир иргэд нь нээлтийн арга хэмжээг хүлээн догдлохгүй, бас нийгмийн сүлжээнд наадмын сэдвээр шүүмж мэтгэлцээн өрнөхгүй нь бололтой. Ийм мэдээ сонссоны дараа өнгөрсөн жилийн цахим наадам бас ч гэж гайгүй байсан юм биш үү хэмээн харьцуулагдах нь гайхмаар санагдана.
Дэлхийн түүхийг Ковидын өмнөх ба дараах үе гэж хуваадаг болох нь үнэн аж. Ковидоос өмнө монголчууд бид цагаан сараа өргөн дэлгэр угтаж, үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг байлаа. Гэтэл ковидын дараа цагаан сар тэмдэглэхгүй байсан ч огт тоохгүй, одоо бүр Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхгүй хэмээн жагсацгааж, нийгмийн сүлжээнд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үндэсний их баяр наадмыг ердөө л хэдхэн бөхчүүд, уяачид, эрх мэдэлтнүүдийн баяр буюу Баячуудын зэрлэг цэнгэл хэмээн нэрлэх болжээ. Учир нь тэднээс бусад нь баярлаж цэнгэдэггүй наадам байсан бололтой юм. Үнэхээр харамсалтай…
Гэвч яг үнэн хэрэгтээ, наадам болж л байвал монгол хүн бүр сэтгэлийн цэнгэл эдэлж, дүүрэн жаргалтайгаар энэ өдрүүдийг угтаж, үддэг байсан билээ. Хэний морь хэдэд давхив, аль аймгийн бөх түрүүлж үзүүрлэв, мэргэнээр хэн тодров гээд наадмын сонин хачныг хуваалцсан яриа нэг хэсэгтээ л гол сэдэв болдог сон. Ард түмний баяр цэнгэл шингэсэн болоод ч тэр үү наадмын хуушуур, айрагны амттай гэж. Стадионд тасалбар аваад орж суудаггүй юм аа гэхэд, телевизийн шууд нэвтрүүлгээс наадмаа үзэж, бас төв цэнгэлдэхээ нэг гороолчихсон байхад наадмын уур амьсгал аяндаа л бүрэлдчихдэг байсан юм. Хаашаа л харна үндэсний хувцсаараа гоёж ижилссэн хосууд, баярлаж хөөрсөн олон хүн, хацар дээрээ төрийн далбаагаа зуруулсан хүүхдүүд талбайн эргэн тойронд хөлхөлдөж, оюутан залуус нь “Цэмцгэр наадъя” гэсэн уриатайгаар ажиллаж, бизнесүүд цэцэглээд л гоё байжээ.
Хүй долоод бол бүр ч сайхан. Хүсвэл танил уяачдынхаа гэрээр зочилж болно. Нэг л тансаг, өвөрмөц мэдрэмжийг тэндээс л авдаг сан. Хурдан морьдын уралдаан үзсэн ямар ч монгол хүн самсаа нь шархираад л ирнэ. Дараа нь сур харваагаа үзэж, шинэ мэргэн тодрохыг харж нүд баясан бахархах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Үдэш нь ёслолын буудлага, талбайн шоу цэнгээн болохын зэрэгцээ наадмын өмнөх өдрүүдээс эхлээд тасралтгүй өрнөдөг соёлын олон арга хэмжээг үзэж сонирхон баясдаг байлаа. Наадмын сүүлчийн өдөр хамгийн сэтгэл догдлом мөч ирнэ. Энэ бол түрүү бөх хэн бэ гэдгийг харах торгон агшин юм. Гэвч тэдгээр он жилүүд нэгэнт ард үлджээ.
Энэ жилийн хувьд, наадмын сэдвийн хүрээнд хамгийн их анхаарал татсан асуудал нь хурдан морины унаач хүүхдүүдийн тухай байлаа. Мэдээж, энэ хөндвөл зохих асуудал мөн. Бас бид соёлоосоо улам бүр хөндийрч буйг илтгэх нэгэн үзүүлэлт болж байгаа нь ч үнэн. Үүнийг бичигч би вээр төв суурин газарт амьдардаг хүүхэд байсан ч, долоон настайдаа морь унаж сурч, үеийнхээ хурдан морь унадаг хүүхдүүдийг бишрэн харж, наадмын гийнгоог нь сонсон догдолж өссөн болохоос биш, тэднийг халтар царайтай ядуу зүдүүгээр нь дуудах талаар хэзээ ч бодож байгаагүй билээ. Гэтэл өнөөдөр хурдан морь унадаг хүүхдүүд бол ядуу учраас баячуудын морийг унаж гэрээ тэжээдэг хэмээн нийтэд нь хамруулан бичиж, үеийн хүүхдүүд нь ч тийнхүү ойлгож, тэднийг өрөвдөлтэй халтар бороор нь дууддаг болж. Морь унаж гэр бүлээ тэжээдэг хүүхдүүд тэдний дунд байгааг үгүйсгэхгүй ч, малчин айлын хүүхэд багаасаа морь унаж сураад наадамд хурдан морь унан уралдаж яагаад болохгүй гэж? Чухам хүүхдүүд морь унаж уралддаг учраас л тэднийг гэмтээхгүйн тулд давхих зай нь нас насандаа өөр байхаар зохицуулж, зөвхөн монгол адуугаа уралдуулж ирсэн уламжлалтай шүү дээ.
Гэтэл үүнийг гадны орнуудын морин тойруулгын уралдаантай ижилтгэн ойлгож, яг энэ өнцгөөс нь харж, насанд хүрсэн хүн л хурдан морь унах ёстой гэж бичээд байгаа нь монгол соёлыг огт мэддэггүй, ойлгодоггүй хүмүүсийн харь сэтгэлгээ төдий юм. Морин тойруулгыг хүсээд байгаа юм бол хэл ам татлаад байдаг эрлийз адуугаа уралдуулдаг байхаар зохицуулж, тэндээ зөвхөн насанд хүрсэн хүнээр морь унуулах боломж байгааг олж харахад тийм хэцүү байна гэж үү? Тэгээд ч үүнийг хийх хүсэл тэмүүлэл, эдийн засгийн чадавх нь манай морь сонирхогч капиталистуудад байгаа гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Харин өнөөдөр дэлхийн олон улс оронд, түүний дотор Монголд ч бас ковидын тархалт, хүн амын өвчлөлтэй холбоотой шинэ асуудал бэрхшээл өдөр тутам өсөн нэмэгдсээр байгаа. Энэ нь яг л дайн шиг…
Хэрвээ 1942 онд Александровын ансамбль “Вставай страна огромная, Вставай на смертный бой…” гэж дуулаагүй бол, Дмитрий Шостакович Долдугаар симфонио зохиож Бүслэгдсэн Ленинград хотод тоглуулаагүй бол, ялна гэдэгтээ итгэж зөвлөлтийн ард түмэн сэтгэл зүтгэлээ нэгтгээгүй бол тэд дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулах байсан гэж үү? Тэд дайтаж байсан ч хайрлаж дурлаж, итгэж хүлээж, дуулж бүжиглэж, ирээдүйг гэрэл гэгээтэйгээр харж байсан түүхтэй. Хэрвээ дайн болж байгаа гээд бүгд сэтгэлээр унаад, нэг ч хүн инээмсэглэхгүй, дуулахгүй, хөгжим зохиохгүй, кино бүтээхгүй, зохиол бичихгүй байсан бол өдийд орос орон гэж байх эсэх нь ч эргэлзээтэй байх байлаа. Гэвч тийм зүйл болоогүй. Тэд ялсан, улс орон нь өнөөдөр цэцэглэн хөгжиж байна.
Үүний нэгэн адил, ковидын өвчлөл нэмэгдэж байгаа гээд хүмүүсээ аз жаргалтай байхыг нь хориод эхэлбэл, нийгмээрээ зөвхөн гуниг гутралд автаад байвал, хувь хүн бүр өөрийн хариуцлагыг бусдад тохоод хэвшчихвэл, иргэдийнхээ цахимаар боловч наадамлах эрхийг нь хязгаарлаад байвал бид ковидыг ялж чадна гэж үү?
https://news.zindaa.mn/3sce
URL: