Бараа, тээвэр гацаж буйн гол буруутантай танилц, МХЕГ-ын дарга Т.Гантулга
БНХАУ-аас ирж буй ачаа, барааны тээвэрлэлт гацаж, энэ нь бүхий л төрлийн барааны үнэд нөлөөлж, Монгол Улсын эдийн засагт үлэмж их хохирол учруулаад буй билээ. Учир нь Монгол Улс, БНХАУ-ын хил дээр бөөгнөрөл үүсч, хилээр ердийн үеийнхнээс 3 дахин бага буюу 100 машин гарч байгаа юм. БНХАУ-ын тал Монголын машинд хязгаарлалт тавьж, өдөрт 100 машин гарах квот л олгосон аж.
Энэ бүхний шалтгаан нь Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллах үеэр маш тодорхой боллоо.
Хятадын тал халдвар хамгаалал, ариутгал хангалтгүй байна гэсэн үндэслэлээр хязгаарлалт тавьж байгаагийн шалтгааныг ямар ч нэмэлт, хачиргүйгээр мэргэжлийн хяналтын байгууллагын хил дээр байрлуулсан ариутгалын хэсэг гэх ямбий хэдэн төмөр л харуулах аж.
Харин ч ийм ямбий төмрөөр дамжсан 100 ч болтугай машиныг хилээрээ нэвтрүүлж буй Хятадын талынхан хэтэрхий өгөөмөр хандаад байгаа юм биш үү? гэж хэлсэн ч болохоор.
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ч уг ямбий төмрийг хараад “Өө, ийм юм хийчихээр чинь аргагүй шдээ” гэж дуу алдсан төдийгүй Дорноговь аймгийн мэргэжлийн Хяналтын Газрын даргад тэр дор нь хариуцлага тооцохыг үүрэгдсэн билээ. Энэ нь ч зөв.
Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Мэргэжлийн Хяналт бол босоо удирдлагатай байгууллага.
Улсын онц чухал цэгт байрлуулсан халдвар хамгааллын төхөөрөмж ийм байдалтай байгаад Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Т.Гантулга хариуцлага хүлээх нь зайлшгүй. Ер нь ч Т.Гантулга мэргэжлийн бус, намдаа жигүүр, хөдөлгөөн байгуулж байгаад яаманд Төрийн Нарийн Бичгийн Даргын албан тушаал авчихдаг, МАН-ын төв аппаратад пиар хариуцах нэрээр АН-ынхныг муулсан видео эвлүүлгийг facebook-д байрлуулж байсан ажлын туршлагатай хүн аж.
Ийм хүнд л төрийн маш чухал алба хариуцуулсаны горыг Монголчууд бүгдээрээ хүртэх учиртай байж.
Гэвч эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ ийм зарчимгүй, худал хуурмаг явдалтай эвлэрэхгүй гэж шийдсэн бөгөөд “30 хоногийн хугацаанд Замын Үүдэд үүссэн асуудлыг шийдвэрлэх” үүрэг өгсөн нь өөрийнх нь тарьсан хогийг өөрөөр нь цэвэрлүүлээд, Т.Гантулгыг “зайлуулах” зорилготой гэнэ.
Юутай ч ачаа, бараа нь гацаж, хөрөнгө санхүүгээрээ хохирсон олон мянган Монголчууд “хэргийн эзэн” Т.Гантулгатай танилцаад авахад гэмгүй биз ээ.
С.Сарнай
https://www.sonin.mn/news/enews/122736
URL: