Түлш тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унажээ
Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн Цагаан тохой гэдэг газар замын хажуу руу унасан осол өчигдөр 20:40 цаг орчимд болжээ.
Энэ тухай дуудлагыг тухай өдрийн 21:45 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байжээ.
Иймд Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай зургаадугаар сарын 25-ны 00:55 цагт хөдөлсөн. Ослын газарт Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
URL: