Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА
Ерөнхийлөгчийн сонгуулиас хамаарч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөдөлгөөнд орох аж. Тодруулбал, МАН энэ удаагийн парламентын хугацааны гурав дахь Засгийн газраа бүрдүүлнэ. Тэднээс хамгийн түрүүнд кабинетынхаа ачааг үүрэлцдэггүй, олигтойхон менежмент хийж чаддаггүй, байнга олны дургүйцлийг хүргэсээр ирсэн Шадар сайд С.Амарсайхан, Соёлын сайд Ч.Номин, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарыг жийхээр болжээ. Энэ тухай сонссон тэдний хувьд зарим нь ихэд бухимдаж, ширээгээ шаах энүүхэнд суугаа аж.
Шадар сайд С.Амарсайханы хувьд өмнө нь Хотын дарга, НОК-ын дарга байсан хэрнээ Улсын онцгой комиссыг тэргүүлмэгц ихэнхдээ иргэдийн эсрэг шийдвэр гаргаж ирсэн. Д.Сумъяабазарыг баалуулж, нийслэлийн МАН-ыг гартаа оруулахын тулд НОК-ийг “ноолохоос хэтрээгүй. Тиймээс ч Улсын онцгой комисс нь сахил хүртээд шал дордов гэгчээр Я.Содбаатарыг сольсон биш дээрдэхгүй улам бүр уруудсан. Тиймээс С.Амарсайхан засгаас хөөгдөгчдийн ТЭРГҮҮН ЭГНЭЭНД бичигджээ. Харин Соёлын сайд Ч.Номингийн хувьд үнэндээ төрийн албаны туршлагагүй, аавынхаа “ачаар” Засгийн газарт багтсан гэгддэг. Арилжааны телевизийг бол аятайхан удирдаж явсан түүнд САЙД-ын суудал аргагүй ахадсан. Хувийн хэвшилд хөрөнгөөр бүхнийг зохицуулдаг шигээ төрд ч тэгж туйлж яваа. Ямар сайндаа л Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж 10 тэрбум төгрөг салхинд хийсгэхээр ГАРЫН ҮСЭГ зурж суух вэ дээ.
Мэдээж түүнийг бодвол улстөрийн туршлагатай хүмүүс дараагийн удаа Ч.Номингоор туг тахихын тулд дээрх 100 жилд зориулсан 10 тэрбумыг нь тухайн үедээ хүлээн зөвшөөрчихсөн. Харин одоо Ч.Номин хэчнээн амаа бариад ч нэмэргүй болчихсон. Энэ Засгийн газарт мань сайдтай хамтдаа орж ирээд, хаягдахдаа ч цуг явах хүний нэг нь Н.Уртнасан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын суудалд гэнэтхэн гарч ирж заларсан түүнийг өмнөх “хүн” нь чиглүүлж өгсөн гэдэг. Түүнийг батлах гэсэн шиг гадаад төрх, имижээ ч ЯГ ТҮҮНИЙ ШИГ болгосон сайдтан. Гэхдээ хийж, хэрэгжүүлж буй ажлын хувьд өмнөх сайдынхыг үргэлжлүүлэхээс шинээр ганц ажил санаачилсангүй хэмээн салбарынхандаа баалуулж суугаа. Дээрх сайд нартай хамтдаа үдүүлэх хүн нь Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр. Мэдээж Ерөнхийлөгч Х.Баттулгын квотоор орж ирсэн болохоор түүнтэй хамт халаагаа өгөх нь гарцаагүй. Засгийн газраас зүгээр ч нэг хөөгөөд явуулчхаж болохгүй учраас шалтаг шаардлагатай болсон бөгөөд Г.Сайханбаяр сайдтан өөрийнхөө ухсан нүхэнд унах болчхоод байгаа. Ядахад сүүлийн хэдэн сард ЗХЖШ-д шилээ дарсан олон ХЭРЭГ мандсан. Мань сайд буруугаа хүлээх байтугай, бүр нэмээд салбарынхаа 100 жилд зориулж багагүй хөрөнгөөр гараа угааж байгаа. Энэ нь түүнийг сайдын суудлаас үдэх хангалттай шалтгаан болжээ.
Эх сурвалж: Erennews.mn
URL: