“Монголоос сексийн төлөөнөө хулгайлагдагсад”

Өнгөрсөн оны долдугаар сарын 22-ны өдөр АНУ  “Глобал Пост” сэтгүүлийн Азийн хэсэгт Монгол Улсын тухай материал хэвлэгджээ. Эх орныхоо тухай гадаадын сонин хэвлэлд юу гэж бичсэнийг шүүрдэн үзэж, ихэнхдээ сэтгэл хангалуун байдаг бол энэхүү мэдээ харин сэтгэл эмзэглүүлж орхисны тул та бүхэнтэй хуваалцаж байна.

AНУ-ын хоёр сэтгүүлч нэлээд ул суурьтай судалж байж, үнэхээр түүгээр ороод гарсан хүнтэй мөн албаны ч хүмүүстэй уулзаж, тоо баримттай, дориун өгүүлэл бичжээ. Ялангуяа Эрээн хотод фото сурвалжлага хийсэн сэтгүүлч бол манай төр засгийнхны анхаарлыг татахуйц мэдээ, бодит зураг хэвлүүлсэн байна. Монголд жил бүр 3000-5000 хүн хүний наймааны хохирогч болдог аж. Эрээн хотын эмсийн хүрээлэнгүүдээр явж олон бүсгүйтэй уулзсан, тэд бүгд монгол байх ажээ.

Иймэрхүү мэдээг уншаад манай уншигчид, ялангуяа сэтгэгдэл бичигчид ихэнх нь биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг хараан доромжилж, улсын нэр гутааж байгааг нь дууддаг. Гэтэл чухам тэр зохион байгуулж, заримыг нь хууран авчирч зарж мөнгө олж байгаа, өөрөөр хэлбэл хэргийн гол эзэд рүү чиглэсэн үйл ажиллагаа, ядахдаа сэтгэгдэл хэр олон байдаг билээ? Номин охиныг нэгэн монгол гэр бүл Солонгост коллежид сургана хэмээн хуурч авч очоод зарсан байна. Солонгост хүчээр биеэ үнэлж байсны эцэст азаар нэгэн монгол бизнесмэнтэй тааран, түүнийхээ дэмээр оргон гарч иржээ. Ингэж хууртсан бүсгүйчүүд хир олон байгаа бол?

Дээр нь тэдний бие, хүч хөдөлмөрөөс мөнгө олно. Өгүүлэлд дурдсанаар нэгэн монгол бүсгүйн жижиг өрөө нь ажлынх нь ч байр, орон сууц нь ч болдог гэнэ.

Сауных нь эзэд биеэ үнэлсэн мөнгөнөөс нь аваад зогсохгүй, өрөөний хөлс, тээврийн үнэ, тэр байтугай бэлгэвчний мөнгө хэмээн суутган авдаг аж. Охид бүсгүйчүүд биеэ үнэлэхийг мөнгө олох хялбар арга хэмээн боддог байж мэдэх талтай. Учир нь манай улсад сексийн боловсрол тун тааруу, сексээс үүдэх хүсээгүй жирэмслэлт, өвчин, сэтгэлийн дарамт гээд хар бараан талыг хэр ойлгуулж, мэдүүлдэг билээ? Биеэ үнэлэх, тайчих зэргийг барууны хямд кино, бас дээр нь зарим сонин дээрх эротик нэртэй өгүүлэл зэргээс л харж байгаа залуус сайхан таашаал гэсэн талаас нь л ойлгож байна. Өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн хэрэгсэл сексийн талаар их л буруу сурталчилгаа хийгээд байгаа харагдах юм. Гэтэл яг эрэн сурвалжилсан ийм өгүүлэл хэр гарч байгаа билээ? Эрэн сурвалжилж байна хэмээн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ төрсөн бууцыг хайн олоогүй дүр эсгэж байснаас жинхэнэ улс орны тулгамдсан асуудалд хүчээ үзвэл дээргүйсэн биш үү, сэтгүүлчид ээ.
Юутай ч доорхи өгүүллийг англиар нь уншиж үзээд нэгийг хэлнэ биз ээ?

http:// www.globalpost.com/dispatch/as…n-mongolia


URL:

Сэтгэгдэл бичих