Вакцины бүрэн тунд хамрагдсан бол Европын холбооны орнуудад зорчих эрхтэй болно
Евро комиссоос гаргасан гуравдагч орны жуулчдыг хүлээн авах шинэ журмыг Европын холбооны орнуудын төлөөлөгч нар зөвшөөрчээ. Ингэснээр аялал жуулчлалын улиралд Европын холбоонд очсон жуулчид хатуу хөл хорионд орохгүй аж.
Одоогоор Европ руу тусгаарлалт болон хүндэтгэх шалтгаангүйгээр Австрали, Израил, Сингапур зэрэг долоон орны иргэд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран зорчих эрхтэй байгаа юм.
Тэгвэл энэ зун Европын холбооны улсууд Евро комиссоос хүлээн зөвшөөрсөн вакцин хийлгэсэн жуулчдыг нэвтрүүлж эхлэх хүсэлтэй байна. Одоогоор Пфайзер, АстраЗенека, Модерна болон Жонсон & Жонсон компаниудын вакциныг хүлээн зөвшөөрөөд буй. Хятадын Синовак болон Оросын Спутник V вакцинууд үнэлгээний шатандаа явж байгаа аж.
Европын Холбоо вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авахаас гадна аюулгүй орнуудын жагсаалтад багтах харьцангуй зөөлөн шалгуур үзүүлэлт нэвтрүүлэхийг эрмэлзэж байна. Ингэснээр аюулгүй орнуудын жагсаалтад багтсан улсын жуулчид ч Европ руу нэвтрэх боломжтой болох юм.
Ройтерсийн мэдээлснээр Европ руу очихоос 14 хоногийн өмнө тухайн улсын 100 мянган хүнд ногдох халдварын тоо гол шалгуур үзүүлэлт нь байх юм. Түүнчлэн, аюулгүй орны жагсаалтад орохыг хүсэж буй улсад халдварын нийт тоо тогтмол буурч байх ёстой гэнэ.
Эдгээр улсуудын жагсаалтыг энэ долоо хоногийн сүүлчээр эсвэл ирэх сарын эхээр гаргах аж.
URL: