Улсын хэмжээнд 6686 камер байгаа ч 30 хувь нь огт ажилладаггүй
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж.
Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгааг төслийн танилцуулгад дурдав. Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20.032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13.356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав.
Цагдаагийн байгууллагаас гаргасан судалгаагаар өнөөдөр манайд улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгаа аж.
Хууль зүйн сайд Нямбаатар: Улсын хэмжээнд хилийн боомт болон хот суурин газар 60 гаруй мянган камер суурилуулбал хяналтын систем рүү шилжиж чадна гэсэн дүгнэлтэд хүрсэн. 300 гаруй сая ам.долларын асуудал яригдаж байгаа. Хүү торгуулийн орлогоос жил болгон камержуулалтын асуудлыг шийдэж явахаар тусгасан. Камерын ашиглалт болон арчлалтыг орон нутаг хариуцахаар тусгасан. Улсын төсөвт дарамт учруулах боломжгүй. Иймээс торгуулийн орлогын 20 хувийг шинээр камер суурилалт болон ашиглалтад зарцуулахаар тооцоолсон. Теле камержуулалт нэмэгдсэнээр гэмт хэргийн гаралт багасна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Энэ хууль хоёр талтай л даа. Нэг талаас камержуулалтаа сайжруулаад хэрэг зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөж байна. Гэхдээ нөгөө талаас хүний эрхийн асуудал яригдана. Теле камержуулалт нилээд хэмжээний хөрөнгө шаардсан асуудал. Хэдий хэмжээний хөрөнгө төсөвлөж байгаа вэ. Мөн аюулгүй байдлын талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ.
URL: