Эрдэнэт үйлдвэрийн ажилчны гэр бүлийг “Verocell” вакцин хийлгээгүй бол ажилд нь гаргахгүй гэж дарамталжээ

unnamed

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цөөнгүй ажилчин коронавирусийн халдвар авсан тул зарим цехүүдээ зогсоогоод байгаа талаар эх сурвалж мэдээлжээ.

Харин тус үйлдвэрийн зарим ажилчид Хүний эрхий үндэсний комисс /ХЭҮК/-т гомдол гаргасан байна. Учир нь тэд гомдолдоо, “Үйлдвэрийн ажилтанд болон гэр бүлийн 18-аас дээш насны бүх гишүүнд коронавируст халдвараас сэргийлэх тарилга “Verocell” вакциныг сонголтгүйгээр хийж байгаа. Гэр бүлийн гишүүд нь хийлгэхгүй бол ажилд гаргахгүй гэж айлган сүрдүүлж байна. Харшлах шалтгаантай хүмүүст ч эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хүчээр вакцинд хамруулж байгаа” гэжээ.

Энэ дагуу ХЭҮК-оос Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнд зөвлөмж хүргүүлжээ. Тус зөвлөмжид “Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу коронвируст халдвараас сэргийлэх вакцинд албадан хамруулах хууль зүйн үндэслэлгүй. Харин  Эрдэнэт үйлдвэрийн  ажилтан, түүний гэр бүлийг вакцинд хамруулах удирдамж, зааварчилгаа нь иргэдийн эрүүл мэндээ хамгаалах эрхийг зөрчиж байна” гэж ХЭҮК үзсэн байна.

iSee.mn

URL: