Эрээвэр хураавар элдэв бодол

Дэлхийн хөгжингүй орнуудтай Монголыг зүйрлэхгүй ч манай улс өнөөдөр тэр зиндааны амьдралыг амсаж үзсэн баян орон мэт санагдах боллоо. Чамин ганган эд, үнэтэй цайтай хэрэглэл, цамаан сэхүүн зан гэх мэт баячуудын ‘’бэлгэ тэмдэг’’ Монголын  цөөнгүй хүмүүст цогцолжээ. Хамгийн ойрхон жишээ бол та. Танд энэ гурвын аль нэг нь байж л байгаа. Надад ч бас.

Та бод доо, манай хөрш ОХУ өнөөдөр дэлхийн зиндаанд дээгүүрт нэрлэгддэг гүрэн улс гэдгийг хэн ч хэлнэ. Харин Монгол улс бол томчуудын ярьж буйгаар одооноос л дэлхийд танигдаж байна гэж өөрийн улсаа тодорхойлоод байгаа. Жижигхээн жишээ дурьдая: Нэгэн цагт гар утас хэмээх зүйл дэлхий нийтэд түгж, тархаж эхэлсэн цагт ОХУ энэ талаар бараг дуулаа ч үгүй байсан нь үнэн. Гэвч Монголчуудад тухайн үед гар утас хэмээх зүйл аль хэдийнэ дэлгэрсэн байсан юм. Гар утсыг ОХУ-аас түрүүлж эдэлж хэрэглэсэн улс бол манай улс. Удалгүй харин утас өнгөт дэлгэцтэй болж, мөн бидний хэлдгээр MP3 дуугаралттай болов. Тухайн үед ОХУ-д дөнгөж хар дэлгэцтэй утас хэрэглэж эхэлсэн нь Монгол улс дэлхийн хөгжлөөс хоцордоггүйн нэгэн жижигхэн жишээ. Харин одоо манай улсад дэлхийн хамгийн шилдэг утаснууд тодруулбал Aндройд /Android/, Аппле /Apple/ брендын хамгийн сүүлийн үеийн загварууд хэдийнэ нэвтэрч хэн дуртай нь худалдаж авах бүрэн боломж нөхцөл нь байна. Захын оюутан сурагчдаас эхлээд замбараагүй баян нөхөр ч энэ утсыг баридаг болжээ.

Одоо бүр нэгдүгээр ангийн хүүхэд утасгүй л бол үеийнхэндээ шоолуулж, хичээлдээ явахгүй гэж зөрүүдлэх нь энүүхэнд. Энэ бол Монголчуудын хэрэглээ. Мөн дээр нь өнөөдөр та бидний нүдний өмнө бэлхэнээ үзэгдэж буй тод жишээ бол автомашин байна. Сая болж өнгөрсөн цагаан сарын баярын үеэр Монголын автомашин ямар их юм бэ гэж уулга алдах хүн надаар тогтохгүй олон байсан биз. Хүмүүс машиныг баян хүмүүс л унах ёстой гэсэн социализмын үеийн ойлголтоос салж гар утастай адилхан өдөр тутмын хэрэглээний зүйл мэтээр эдэлж ашигладаг болсон цаг.

Өнөөдөр зам нь хүрэлцэхгүй байхад машин нь нэмэгдээд байгаа энэ аюулаас төр засаг ч салгах гээд хүчрэхгүй байгаа. Ямар сайндаа импортлогдож буй тээврийн хэрэгслийг ончлолоор ангилан татвар энэ тэрээр дарамтлаад байхав. Адаг сүүлдээ жолоочийн хариуцлагын даатгал гэгч зүйлийг гаргаж, хэн дуртай нь жолоо барихгүй шүү гэж төр засаг ард түмэндээ тушаасан. Одоогоор үр дүн байхгүй ч ирээдүйд их юмыг өөрчлөх эхлэл болсон ч байж мэдэх талаар мэргэжлийнхэн мөн судлаачид хэлж байна.

Гэвч ончлолоор ангилсан нь хүмүүсийн хэрэглээг улам л өндөрсгөж он залуу машин хэрэглэж, урьдны 10-15 жил эдлэгдсэн машинууд хэрэглээнээс гарч эхэлсэн. Нэг талаараа энэ нь сайн ч нөгөө талаараа он залуу машинууд өндөр өртгөөр нийлүүлэгдэж, иргэдийн гар дээр илүү үнэтэй очиж байна. Гэвч Монголчуудын машины худалдан авалтын хурд саарахгүй байгаа нь төрийн авсан энэ арга хэмжээ машины хэрэглээг багасгах бус хотын өнгө үзэмж, хүмүүсийн хэрэглээг сайжруулсан үр дүнтэйгээ үлдлээ. Энэ бол сайн мэдээ. Хотын өнгө үзэмж сайжирч байна, хүмүүс насандаа элэгдсэн машин бус дэлхий нийтэд хэрэглэж буй машинуудыг Монголдоо эдэлж байгаа нь сайшаалтай. Харамсалтай нь авто замынхаа асуудлыг шийдвэрлээгүй байж ийм арга хэмжээ авсан нь бидний хэрэглээг нэмэгдүүлэхээс өөр тусыг эс оллоо. Одоо ирээдүйд Монгол улс азийнхаа хөгжингүй орнуудын жишгээр унадаг дугуйг хэрэглээндээ нэмэгдүүлэх талаар судлаачид ам нээж, олон улсын мэргэжилтэнгүүд ч энэ талаар удаа дараа дурьдах болов. Магадгүй 20 жилийн дараа та бид унадаг дугуйгаар ажилдаа явдаг болох цаг ирэх ч юм бил үү.

Та хэр баян хүн бэ гэж манайхан нэгнээсээ асуух дуртай. Энэ асуултанд нь ихэвчлэн би сэтгэлээрээ баян хүн, би гэр бүлтэй хань ижилтэй үр хүүхэдтэй тул хамгийн баян хүн гэж хариулах нь элбэг. Үгүй бол ‘’би баахан өртэй, банкны зээлтэй, энэ машин чинь, тэр байр чинь банкны зээлээр авсан юм’’ гэж ирээд л хариулдаг. Үнэндээ зээлтэй байна гэдэг баян хүний арга гэлцдэг. Дэлхийн бүхий л хөгжилтэй орнууд ард иргэддээ зээл авах боломж бололцоог нь нээж өгсөнөөр ард иргэдээ өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй болгох эх үндэсийг нь тавьж байсан арвин туршлага байдаг. Манайх ч мөн л энэ замаар явж байна. Ганц зөрүүтэй зүйл нь хүү өндөр байгаа асуудал бага зэрэг тулгамдаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ талаар төр засаг арга хэмжээ авах гэж арга чарга сүвэгчилж суугаа. Орон сууцанд орьё гэхээр хүүнд дарлуулсан хүн олон байгаа нь үнэн. Доод тал нь 40 сая төгрөгний үнэтэй байгаа орон сууцанд орьё гэхээр сарын 1,5 сая төгрөгийн цэвэр орлоготой байх хэрэгтэй гэж бодохоор боломж нь бас л хэцүүхэн. Гэхдээ л орон сууцны зээлэнд монголчууд хамрагдсаар л байгаа нь энэ өндөр хүүтэй байрыг тэр зэргийн орлоготой хүмүүс авч чадаад байгаа нь Монголчуудын зиндаа тийм ч доогуур биш гэдгийг бас л харуулж байна.

П.Иргэн


URL:

Сэтгэгдэл бичих