SOS!!!! Нийслэлийн Онцгой комиссийн гишүүдээс халдвар илэрч байна
Өөрөөсөө өөр хүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй их амбицаар даргын суудал эзэгнэгчид цаанаа л андашгүй. Тэр ч утгаараа ижил үйл ажиллагаа явуулж байгаа нэгнээ дэмжихээс илүү дарах, боломжийг гаргаж миалах байдал байнга ажиглагддаг. Сүүлийн үед Улсын онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын дарга нарын үл ойлголцол хүрээгээ тэлсээр иргэдэд ч илт анзаарагдах болсон. Магадгүй дарга нарын энэ авираас болж хамгийн ихээр хэлмэгдэж байгаа хүмүүс 24 цагаар алба хааж байгаа төрийнхөн байж таарна. Улс орны асуудлаас дутахгүй хувийн амбицдаа хөтлөгдсөн хоёр даргын нэгнээ чичилсэн байдал газар авч, сүүлдээ тэмцээд байгаа гоц халдвар нь удирдлага, нөхцөл байдлаар хангаж байгаа комиссийн гишүүдээсээ илэрч эхэлсэн байна.
Он гарсаар хэд хэдэн удаагийн батлагдсан тохиолдол Нийслэлийн Онцгой комиссын багт ажиллаж байгаа хүмүүсийн дундаас бүртгэгдсэн. Түүгээр зогсохгүй, уржигдар НОК-ийн багт ажиллаж байгаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтны шинжилгээ эерэг гарсан байна. Түүнийг тусгаарлан эмчилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд ингэснээр НОК-т ажиллаж байгаа багаас долоо хоногийн хугацаанд хоёр дахь тохиолдол илэрч, бүртгэгдээд байна.
Энэ талаар тодруулахаар хэд хэдэн эх сурвалжтай холбогдоход мэдээлэл өгөх боломжгүй байгаагаа учирласан. Мөн комиссын багт ажиллаж байгаа хүмүүсийн дундаас халдвар илэрч, тусгаарлагдаж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Тиймээс энэ талаар олон нийтээс нууцалсан байж магадгүй гэдэгтэй санал нийлж байсныг дурдах нь зөв байх.
Ямартаа ч сүүлийн үед нийслэлд хоногт илэрч бүртгэгдсэн тохиолд илт өсөж, зөвхөн өнөөдөр гэхэд улсын хэмжээнд 831 илэрсэний 731 нь нийслэлд бүртгэгдсэн. Улсын хэмжээнд вирусийн халдвартаа иргэн эмчлүүлж байгаад амиа алдсан тохиолдол 13 болсон байгаа. Нөхцөл байдал хүндэрч, халдварын тархалтын хүрээг хянаж чадахгүй алдаж, халдвараас хамгаалж, галын шугам дээр ажиллаж байгаа багаас хүртэл халдвар илэрч байгаа хэдий ч НОК-ийнхон амиа хичээн амаа үдэж, юу ч болоогүй мэт дүр үзүүлэх нь сонин.
Хэдийгээр дарга эрх мэдэлтнүүд гаднаа тайван байж, юу ч болоогүй мэт дүр үзүүлж, Нийслэлийн Засаг дарга цар тахал гэхээс илүү хотын хөгжил, ирээдүй рүү чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэж байгаа ажилд анхаарч байгаа дүр үзүүлж байгаа хэдий ч үнэндээ байдал маш хүндэрч, Нийслэлийн Онцгой комисс, Улсын онцгой комиссын хамтын ажиллагаа 00 зогсолт хийснээс ялгаагүй байдалд ороод байгаа бололтой.
УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан нэгэнтээ “Нийслэлийн онцгой комисс ажил хийж байгаа багтаа анхаар. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга аа хар. Мэдэх юм байхгүй, мэргэшсэн биш салбартаа юу хийж яваа юм…” гэх мэтээр ихэд уурсаж, НОК-ийн дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазарт үг хаясан.
Харин НОК-ийн даргын хувьд халдвар тархалтын яг энэ хүнд үед нэгэнт томилогдож ажиллаж байгаа багтай хамтарч ажиллахаас өөр сонголтгүй байгаа. Тиймээс сүүлийн үед хамгийн ихээр хэл ам таталж байгаа Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хэвлэл мэдээллийн хэлтэсээ өөрчлөх гэхээс илүү хамгаалж ажиллах нь чухал байгаа нь үнэн юм. Учир нь халдвар эрчтэй тархсан энэ хүнд үед мэргэшсэн багаа задалж өөрчлөх, улс төрийн хамаарлаас шалтгаалан газар, хэлтсийн дарга нараа сольж, түүнээс болж бүтцэд өөрчлөлт оруулж, шинээр томилогдсон газар, хэлтсийнхэн тухайн ажилдаа гарших гэж цаг орох зэрэг механик шалтаг, шалтгааны улмаас маш олон төвөгтэй асуудал үүсдэг. Зөвхөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс гэхэд он гарсанаас хойш гурвантаа өөрчлөгдөөд буй нь ч энэ байдалтай хамааралтай.
Нөгөө талаар НОК-т ажиллаж байгаа багийн гишүүдийн ачаалал хэт их, үр дүнтэй эсэх нь хамаагүйгээр удаан хугацаагаар тусгаарлаж, ажлын байрандаа байх ёстой гэдэг шаардлага тавьж, ажиллуулж байгаагаас ажлын стресст орж, дархлаа нь унасан хүмүүс халдвар авах магадлал ихэссэнийг долоо хоногт хоёр бүртгэгдсэн тохиолдлоос харж болно. Ийм л нөхцөл байдалд өнөөдөр Монгол Улс ороод байна. Харин үүссэн нөхцөл байдлыг удирдаж ажиллаж байгаа дарга нар өвөр зуураа хөлөө жийлцэж, амбицаа дарж чадахгүй “алалцаж” байгаа нь даанч харамсалтай байгааг анхаарч хардаггүй, толгойгүй төр засагтаа Монгол Улс болжээ!!!!!
Сэтгүүлч Д.Пүрэв
URL: