Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ын нэр дэвшигчдэд шахалт үзүүлсэн үү
Ардчилсан намын даргын сунгаа хоёр талд өрнөж байгаа ч нэг өдөр санал хураалт явуулна гэсэн аман хэлэлцээр хийж, гуравдугаар сарын 28-нд хугацаагаа тохирсон. Гэвч Ц.Тувааны АН-ынхан өнгөрсөн шөнө /2021.03.26/ шийдвэрээ өөрчилж, өнөөдөр санал хураалтаа цаасаар авч эхэлжээ.
АН-ын үндсэн дүрмэнд намын дотоод сонгууль болох газар, хугацааг сонгууль болохоос 7 хоногийн өмнөөс гишүүдэд мэдээлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэтэл И.Мөнхжаргал хэдхэн цагийн өмнө хугацааг нь өөрчилжээ. Энэ үйлдэл нь дүрэмд харшилж байгаа тул дээд шүүх хүлээж авахгүй байх нөхцөл ч бүрдэж мэдэхээр байна.
Энэ бүхнээс үүдэж АН-ын даргад нэр дэвшсэн О.Цогтгэрэл, О.Амартүвшин, Д.Пүрэвдаваа, С.Эрдэнэболд нар мөнгө санхүүгийн хохирол амсах эрсдэлтэй юм. Иймээс нэр дэвшигчдийн зарим нь сунгааны товын талаар гомдол гаргаж эхэлсэн байна. Тухайлбал С.Эрдэнэболд сонгуулийн санал авах өдрийг өөрчлөх хүсэлт гаргажээ.
Дайны хажуугаар дажин гэгчээр Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АН-ын даргад нэр дэвшигчдийг дуудаж уулзсан гэх мэдээлэл цацагдаж эхэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар энэ уулзалтаар О.Цогтгэрэлийг сунгаанд ялж намын дарга болохыг хүлээн зөвшөөр гэсэн шахалтыг үзүүлсэн гэх.
Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн намын дотоод хэрэгт оролцож, хэн нэгнийг намын дарга болохыг шаардсан бол түүнийг парламентаар импечмэнт хийлгэж огцрох дахин нэг үндэслэл болох ч эрсдэлтэй юм.
URL: