Л.Оюун-Эрдэнэ та, Автотээврийн Үндэсний Төвийг цэгцлэх цаг болжээ
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хот хоорондын зорчигч тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Тэдний мэдээлэлд: “Дэлхий нийт болон Монгол орныг хамарсан “Ковид-19 цар тахлын улмаас эдийн засаг санхүүгийн хүндрэл, ажилгүйдэл хохирол учирч бүх асуудлыг Улс, Нийслэл, Аймаг орон нутгийн ОК-ын удирдлага зөвлөмж, журам түүнтэй холбогдон гарсан хууль дүрмээр шийдвэрлэж байна.
Монгол Улсын зорчигч тээврийн 90 гаруй хувийг дангаар гүйцэтгэдэг “Хаалганаас хаалганд үйлчлэх” уриатай Авто тээвэр, түүнээс Улс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн салбар төрөөс баримтлах тодорхой бодлого чиглэлгүй эдийн засгийн дэмжлэггүй өдий хүртэл бор зүрхээрээ дан хувийн хэвшлийн нуруун дээр бүх ачааг үүрч ирсэн бөгөөд коронавируст цар тахал дэлхий нийтэд дэлгэрсэн 2020 оны 2-р сараас эхлэн өнөөг хүртэл нийт 7 удаа 200 хоног сул зогсолт хийж, Төрөөс явуулж буй нийгмийн захиалгат үүргийг Гэрээгээр гүйцэтгэдэг 80 гаруй аж ахуйн нэгжийн 3000 гаруй тээвэрлэгч жолооч тэдгээрийн ар гэрийн 150 мянга гаруй хүн цалин орлогогүй сул зогсож, зорчигч урсгал, орлого өмнөх оноос 65 хувь буурч нэн хүнд байна.
Дээрх Улс хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг зохицуулах үүргийг Төрийн өмнөөс гэрээгээр гүйцэтгэдэг Автотээврийн үндэсний төв гэх Төрийн өмчит байгууллага нь нийт зорчигч, ачаа тээвэрлэгч 1000 гаруй ААН-үүд Автотээврийн хэрэгсэл бүхий сая гаруй иргэдийн тээврийн хэрэгслийн олон тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн авч үйл ажиллагаандаа зарцуулан 1000 гаруй бүтэцтэй өндөр цалин хангамж эдэлдэг ЗТХЯ болон ТӨБЗГ-ын давхар харьяалад захирагддаг хоёрдмол удирдлагатай, хариуцлага хүлээдэггүй дур зоргын байгууллага гэхэд болно.
6 жилийн өмнө 300-гаад бүтэцтэй Хот, Аймаг, Улсын хэмжээнд цомхон бүтэцтэй мэргэжлийн байгууллага байсан бол сүүлийн жилүүдэд орон тоо бүтэц цалин эрх хэмжээ нь 3-4 дахин нэмэгдсэн ч үүрэг хариуцлага хүлээдэггүй авилга ашиг сонирхолд автсан нөлөө бүхий улс төрчид, нам, улс төрийн байгууллагын гар хөл болсон мэргэжлийн бус чадваргүй хүмүүсийн бөөгнөрөл, цуглуулга болсон гэхэд хэтрүүлэг болохгүй байх.
Тухайлбал:
1. Автотээврийн салбар хариуцсан дэд захирал хэлтсийн дарга мэргэжилтэн, тоо бүртгэл, улсын дугаар олголт, хил гаальд ажилладаг ажилтнууд гээд олон арван хүн авилгын сүлжээний гэмт хэрэгг холбогдсон,
2. Ард иргэд, зорчигчийн сайн дурын болон албан журмын даатгалын мөнгийг хүчээр орлогоос нь татаж төвлөрүүлэн дундаас нь хувь шагнал авч завшин даатгалын хувийн эздийн гар хөл хавсрага болж тээвэрчдийг хохироодог.
3. Олон жилийн хөдөлмөр зүтгэлээр босгон 10-20 жил ажиллаж буй зорчигч тээвэрлэгч ААН-үүдийн зам шугамыг сайд, дарга, улс төрчдийн хамаарал бүхий өөрсдийн танил талын хүмүүст хүчээр авч өгч унагадаг зэрэг хууль бус үйлдэл газар авсан. Тухайлбал: 2016 оны байдлаар 43 компани хоршоо байсан бол 2021 оны байдлаар 64 болж 2-3 автобустай 21 ААН гэгчийг бусдын зам шугам цаг давтамжийг хүчээр авч өгсөн (Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор гэх мэт чиглэлд)
4. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг зөрчин тээвэрлэгч, зорчигч тээврийн ААН-үүдээс жил бүр 5,1-5,3 тэр бум төгрөгийн 8-10 хувийг татвар шимтгэлээр давхардуулан авч өөрсдийнхөө цалинд хэрэглэдэг.
5. Тээврийн хэрэгслийн хяналт, оношлогооны төвүүд нь жилд ААН, ард иргэдийн автобус, машиныг оношлох нэрээр авилгын сүлжээний газар болсон.
6. Төв, Орон нутгийн авто вокзал зогсоолуудыг хууль бус, хулгайн тээврийн эх уурхай ил далд үйлчилгээний талбар болгож, нийт зорчигчдын 33-40 хувийг ямар ч бичиг баримт билет даатгалгүйгээр тээвэрлэн жил тутам 450-520 хүний амь насыг үгүй хийж олон зуун мянган хүнийг тахир дутуу болгон хохироож байхад түүнийг зогсоож бууруулж чадахгүй байгаа нь АТҮТ-тэй холбоотой.
7. Зөвхөн 2020 оны 12-р сард “Ковид-19-ийн дайчилгааны тээвэрлэлтээр 18 хоногт 59 ААН 2600 рейсээр 90 гаруй мянган иргэдийг Улаанбаатар, Орон нутаг талаас тээвэрлэсний нэг талын сул явалтын шатахууны 1,4 тэрбум төгрөгийн алдагдалд орж, ариутгал, халдваргүйжүүлэлтэд 90 гаруй сая төгрөг зарцуулсан атал одоо болтол холбогдох Төр засаг, Даатгалын байгууллагаас нөхөн төлбөр хохирлыг олгуулахгүй үл тоомсорлон сууж байна
8. 2020 оны 1-р сард Сайдын тушаалаар (24 тоот) зорчигч, ачаа тээвэрлэх дүрмийг батлаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байхад одоо болтол хэрэгжүүлээгүй тээвэрлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулах талаар ЗТХЯ-аас бичгээр өгсөн 4 удаагийн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхгүй, мэргэжлийн байгууллагын үүргээ биелүүлэхгүй, чадваргүй, мэргэжлийн боловсон хүчний нөөцгүй, цалин авах, тээвэрчдийг дарамтлахаас өөр үүрэггүй гар хөдөлбөл авилга авах сонирхолд автсан хүмүүсийн бөөгнөрлийн байгууллага болсон гэхэд хилсдүүлэлт болохгүй байх.
Иймд:
1. ЗТХЯ, Сайдын үүрэг биелүүлдэггүй авилга ашиг сонирхолд автсан, мэргэжлийн байгууллага нэртэй ч мэргэжлийн бус удирдах ажилтан, мэргэжилтэнтэй, өндөр цалин, эрх мэдэлтэй атал хариуцлага хүлээдэггүй АТҮТ-ийг Төрийн өмчит аж ахуйн тооцоот газрыг татан буулгаж цомхон бүтэцтэй Тээврийн хэрэгслийн хяналт, оношлогоо, тоо бүртгэл, улсын дугаар хариуцсан байгууллага болгон Яамны шууд харьяа газар болгох.
2. Хоёрдмол удирдлагыг өөрчлөх, хууль тогтоомжийг өөрчлөн Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газрын харьяаллаас гаргаж шууд Сайдын мэдэлд бодлого хэрэгжүүлэгч байгууллага болгох.
3. Хөрш орнууд Олон улсын (БНСУ, ОХУ, БНХАУ, Казахстан, Беларусь гэх мэт) жишгээр ачаа, зорчигч тэёврийн зохион байгуулалт зохицуулалтыг мэргэжлийн ТББ-д сонгон шалгаруулалтаар шилжүүлэн ажиллуулах зэрэг.
4. Гэм буруутай ажилтан албан хаагчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахыг шаардаж байна.” гэжээ.
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооныхон Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд хандан, Автотээврийн Үндэсний Төвийг нэн даруй цэгцлэхийг шаардсан юм.
URL: