Монгол хүнийг, монгол улсыг “Бурхан өршөөг”

Монголын кино урлагийн ертөнцөд цоо шинэ дэлгэцийн бүтээл мэндэллээ. Энэ нь “Бурхан өршөө” нэртэй эмгэнэлт инээдмийн уран сайхны кино юм. Тус киног  “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин” зэрэг киног найруулсан МУСТА, кино найруулагч З.Батболдын ахалсан “Big Line Film” студийнхэн хийж гүйцэтгэжээ.
Энэхүү киног A.П. Чеховийн “Түшмэлийн үхэл” зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд уг бүтээлийн нээлтийг ирэх гуравдугаар сарын 1-нд хийх гэж байна.
Тус бүтээлийн зохиолыг бичиж, найруулсан З.Батболд ярихдаа: “Бидний шин бүтээл улстөрийн сэдэвтэй. Гэхдээ улстөр гэхээр талцуулж, муудалцуулахгүй. Аливаа нэг хүний бялдуучлал, зусарч байдал, аймхай, арчаагүй дорой чанарыг тод харуулсан. Хүн юм мэдэхгүй тусмаа аймхай, харанхуй, бүдүүлэг, сэжигч, нийтэч биш хаагдмал, өөрөө өөртөө хязгаар тавьдаг. Энэ нь үзэл бодлын хязгаарлагдмал ертөнц гэдэг зүйлийг өөртөө бий болгодог. Хүн арчаагүй амьдрал, заяа муутай хувь тавилангаасаа хагацахыг хүсвэл хамгийн түрүүнд хязгаарлагдмал байдлаасаа салах ёстой болов уу. Үүнд л киноны маань санаа явж байгаа. Харин нэрний тухайд, бүгдийг бурхан өршөөг гэж бодож нэрлэсэн. Энэ үг өөрөө бид нарт байнга сонсогдож байдаг үг. Энэ энгийн үгээр маш том сэдвийг агуулж байгаа. Үзэгчид киногоо үзээд өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз” гэлээ.
“Бурхан өршөөг” киноны гол дүрд Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай нар тогложээ. Жүжигчин М.Баярмагнайгийн хувьд анхны дэлгэцийн гол дүр нь. Тэр ч утгаараа нэлээд ач холбогдол өгч ажилласан гэсэн. Кинонд үзэгчдийн мэдэх Баярмагнайгаас тэс өөр хүн гарах гэнэ лээ.
Харин дүрүүдэд жүжигчин Б.Хулан, МУСТА, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, УДЭТ-ын жүжигчин, Г.Эрдэнэбилэг, Н.Наранбаатар, Г.Урнаа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, МУСТА Н.Ялалт нар тоглосон байна.
Мөн кино зургийн найруулагчаар Д.Ангараг, ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, ерөнхий зураачаар Н.Баттуяа, хөгжмийн зохиолчоор “Negun beat” студийн хөгжмийн продюсер Оки ажиллажээ.
Киноны трейллэр:


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих