Эль хульхан сүм, эрээвэр хураавар үзмэрчид

17 жарны “Баясгалан” хэмээгч Усан луу жил гарлаа. Цагаан сарын эхний өдрүүдэд хүн бүр засал хийлгэж, буян хураан, ном уншуулахаар сүм хийдүүдийг зорьдог. Гэхдээ өчигдөр  сүм хийдүүд хөл хөдөлгөөн багатай байлаа. Шинийн 5-ны өдөр гэхэд нэг л эл хуль. Учир нь, зурхайд энэ өдөр ном уншуулж болохгүй гээд зурчихсан гэнэ. Хурал хурдаг зааланд энд тэнд ганц нэгээрээ тарж суусан лам нарын өмнө голцуу настай хүмүүс сүсэглэн суух аж. Заслаа хийлгэхээр ирсэн өндөр настан Х.Цэндсүрэн “Хүн өөрийн уншуулж буй номондоо эргэлзээ үгүй бат сүсэглэвээс бурханы номын адистад түргэн оршиж санасан хэрэг амар хялбар бүтдэг” гэлээ.

Хөл ихтэй байдаг Гандантэгчинлэн хийд бараг сүсэгтэнгүй байлаа. Энэ өдөр ном уншуулж болохгүй хэмээн зурхайд заасан нь хүмүүст нөлөөлсөн бололтой. Зарим хүн ном хуруулахад бурууддаг өдөр байдаггүй гээд л засал номоо хийлгэж байгаа бол зарим нь буруу өдөр заслаа хийлгэчихвэл гай барцад ирж магадгүй гэдгээс эмээж байгаагаа нуусангүй. Ер нь яагаад сар шинийн 3-наас 15-ны хооронд монголчууд засал номоо хийлгүүлэх дуртай байдаг нь ч учиртай юм байна.

Түүх сөхөж үзвэл, 2500 жилийн өмнө бурхан багш номоо номлож байхад тэрсүүдийн зургаан багш “Хүмүүс бурханыг хүндлээд байх юм. Бид ч гэсэн эрдэм чадалтай. Тиймээс эр чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орж, түүнийг хүндэтгэн ёсолж байя” гээд бурхан багшийг тэмцэлд дуудаж, саналыг нь бурхан багш ч хүлээн авсан гэдэг. Ингээд хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн туршид тэрсүүдийн багш нарыг номхотгосон гэнэ. Тиймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар арвиждаг аж. Нэг үгээр хэлбэл энэ өдрүүдэд амжиж засал хийлгэж, ном айлдуулвал буян нь түм бум болон арвиждаг гэнэ. Тиймээс монголчууд шинийн 15-нд заавал багтааж засал номоо хийлгэхийг хүсдэг. Тэгээд л сүм хийдүүд бөөн дараалал дугаар болдог. Айл болгон тухайн жилийнхээ заслаа хийлгэх гээд багагүй зардал гаргадаг. Зарим сүм хийдийн ном хуруулах тариф хямдарсан талаар иргэд ам сайтай байв. Ерөнхийдөө ихэнх ном 500-5000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна лээ. Нэг хүн заслаа хийлгэхэд дунджаар гурваас таван ном уншуулж байгаа аж. Энэ ойролцоогоор 2000-5000 төгрөг болно. Дээрээс нь засал ном хийлгүүлэх тавгийн идээ, архи энэ тэр дагавар зүйлсийг нэмбэл нэг хүн дунджаар 7-10 мянган төгрөгөөр ном уншуулж байгаа аж. За тэгээд, ламынхаа гарыг цайлгана гэвэл мөнгө нь нэмэгдээд явчихна даа. Хамгийн өндөр үнээр буюу 10 мянган төгрөгөөр Чойжоо дүгжүү, Лүйжин, Алтанганжуур номыг уншдаг гэсэн. Гандантэгчинлэн хий­дэд сар шинийн 3-наас бүтэн сарын турш Алтанганжуур хурдаг юм билээ. Алтанганжуур ном хуруулсан өрх тэр жилдээ олз омог ихтэй явдаг гэсэн. Сүсэгтэн Ж.Энхтуул “Өнөө­дөр сүм хийдүүдэд хүн бага байна. Сая жилийнхээ заслыг 6000 төг­рөгөөр хийлгүүллээ. Бурханы но­монд сүсэглэж залбирч нэг л сайхан түшигтэй, хамгаалалтай байгаа мэт санагддаг.  Сэтгэл дагаад ч тэр үү ажил үйлсэд нөлөөлдөг шүү” гэв.

Зарим хүн заавал сүм хийдэд очилгүй ойролцоо байгаа мэргэч тө­лөгч гэсэн хүмүүсээр за­сал хийлгүүлж  байлаа. Эрээвэр, ху­раа­вар үзмэрчид ямар ч олон юм. Энд тэндгүй л хараал хариулна, ерөөл уншина гэсэн бичиг хадчихсан харагдсан. Үнэ ханшны хувьд хий­дүүдтэй харьцуулахад арай л үнэтэй гэнэ. Нэг заслыг 10 мянгаас дээш төгрөгөөр хийдэг аж. Хүндээ хүрч үйлчилдэг болохоор тэр юм гэсэн шүү. Зарим нэг өөрийн танил тал лам хуврагаа уриад гэртээ засал номоо хийлгүүлдэг гэнэ. Сар шинийн дараа­хан лам нарын хамгийн эрэлт­тэй үе тохиодог болохоор гэртээ лам аваачиж ном уншуулах гэсэн чинь лам олддоггүй гэх хүнтэй ч таарав.  Лам нам ч сар шинийн дараахнаас “халтуур” нэлээд хийж багагүй “юм” өвөртлөөд авчихдаг бололтой. Аргагүй ч биз. Жилдээ ганц удаа орлого орох боломж нь энэ юм хойно. Харин мөнгөтэй хүмүүс тэр жилийнхээ засал номыг хийлгүүлэхийн тулд сүм хийдүүдийн нэг өдрийн хурлынх нь зардлыг даадаг гэсэн. Тэгвэл бүр ч их буян болдог юм байх.

Төөрөг заяагаа засах, хөндлөн­гийн болон завсрын гай барцдаас ангид байхын тулд ном уншуулж зурхайн засал хийлгээрэй гэсэн бичиг хадсан жижиг “ТҮЦ”-үүдийн үүдэнд мэр сэр хүмүүс дугаарлаж харагдсан. Өмнө нь хэн ч тоодоггүй байсан эрээвэр хураавар, шалдар бульдар үзмэрч гэх тэдгээр нөхдүүд өдий л “үнэд” ордог гэнэ лээ. Бүр Гандангийн хашааны хажууханд сандал тавиад сууж байгаа өвгөнөөр мэргэлүүлж байгаа хүн ч харагдав. Халаасных нь хэмжээнд таарсан шашны нэг үйлчилгээ юм даа.

Зурхайн зурлагаар орж буй жилийнхээ өнгийг тодорхойлж, тэр жил өөрийн суудал хийд тохируулан ном уншуулдаг. Мөн жил бурханы шашинд жил орох болон гарах үед онцгой анхаарч засал гүрэм хийлгэж ирж буй жилээ аргадаг тахидаг бөгөөд манай оронд хурал хурж буй сүм хийдээс Монголын буддын шашны төв Гандантэгчинлэн хийд хамгийн олон буюу 200 гаруй төрлийн ном хурдаг байна.

Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олондоо зориулж шинийн найман, арван таванд үнэгүй ном хурах гэнэ лээ.

Б.НАМУУНХУР


URL:

Сэтгэгдэл бичих