Хэн нь худалч вэ?
Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд НЭГ сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ. Ерөнхийлөгч уг тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татан оруулж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан гэсэн.
Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй талаар өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн юм.
Сангийн яаманд мэдэгдэхгүйгээр тэр их хэмжээний мөнгө орж ирэх боломж бий юу? Гэсэн ч Ерөнхийлөгч өөрийн байр суурь дээр бат зогсож буй нь өчигдөр МҮОНТ-д өгсөн ярилцлагаас тодорхой харагдав. Тэгэхээр байхгүй
Тэдний ийнхүү эсрэг, тэсрэг байр суурьтай байгаа нь олны анхаарлыг татаж, олон нийтийг таавар таалгаж, талцуулж эхлээд байна. Чухам хэн нь худал хэлээд байгааг таашгүй.
Оффшор дансанд нуусан 17 тэрбум долларыг эх орондоо авч ирнэ хэмээн иргэдэд амалж, олон нийтийн итгэлийг хүлээн сонгогдсон ерөнхийлөгч үү? Эсвэл улсын төсвийг базаж буй сангийн сайд уу?
Ерөнхийлөгч Х.Баттулга:
Улсын төсөв яагаад мөнгөгүй байгаа юм, хэн төсвийг бүрдүүлэх ёстой юм. Хэн төсвийг мөнгөтэй байлгах ёстой юм. Энэ бол засгийн газрын, сангийн сайдын менежментийн ажил юм. Хэрвээ Сангийн яам мөнгөгүй гэж байгаа бол тэр хүн ажлаа маш муу хийж байгаа гэсэн үг. Чаддаг хүнд нь өгөө л гэсэн зөвлөмжийг өгмөөр байгаа юм. Оффшор буюу хулгайлагдсан, нууцлагдсан мөнгийг монголд оруулж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөх магадлалтай. Тийм хуультай. Тэгэхээр Монголбанкинд данс нээгээд оффшороос оруулж ирсэн мөнгийг байршуулаад Монголбанк ваучерыг мөнгөжүүлэх ажлыг хийлгэмээр байна. Мэдээж УИХ дээр хэлэлцэгдэх үед асуудлууд тодорхой яригдах байх. Мөнгөгүй тусгаар тогтносон улс гэж байж болохгүй ш дээ. Оффшор дахь мөнгийг оруулж ирж байгаа ажил сүүлийн хоёр жил нэлээд идэвхтэй явж байгаа.
Тэр сандраад байгаа хүмүүс дансан дахь нууц мөнгөө үзэхээр тэр нь байгаад байгаа болохоор “байна” гэж яриад байгаа байх. Өрх гэр ажилгүй, мөнгөгүй байгаа нь өрх гэрийн эзний буруу биз дээ. Тэгэхээр Засгийн газар мөнгөгүй гэж хэлж болохгүй. Бид чинь асар их баялагтай орон.
Тэгэхээр оффшор дахь мөнгийг Монголбанк руу оруулаач гэдэг УИХ-ын тогтоол өргөн барилаа.
Хулгайлагдсан мөнгө орж ирэхэд төсвийн алдагдлыг нөхөөд байж болохгүй. Харин өнөөдөр тулгамдаж буй цар тахалтай холбоотойгоор гарч байгаа асуудлыг шийдэхэд зориулагдах ёстой монголчуудын өөрсдийнх нь мөнгө.
Миний хувьд бизнесийн салбарын хүн учраас мөнгө хадгалахын эсрэг байдаг. Мөнгө эргэлтэд орж байх ёстой. Би ойлгохгүй байгаа нэг схемийг сүүлийн 10-аад жил ярьдаг юм. Миний орлогыг тодорхойлоод гаргаж ирж чадвал тэр мөнгөө өөрсдөө аваарай.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
“Оффшороос ямар ч мөнгө төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг хураан авах эсэхийг зөвхөн шүүх шийднэ. Монгол хуульгүй, дүрэмгүй улс уу? Диктатортай болчихсон уу?”
“Зөвхөн Төрийн сан төдийгүй Монголд оффшорын гэгдэх мөнгө огтхон орж ирээгүй гэдгээ Ерөнхийлөгч сая ТВ-ээр ярилцлага өгөхдөө батлаад хэлчихлээ. Монголбанк болон хууль хяналтын байгууллагынхнаас ”Оффшорын мөнгө” орж ирсэн үү? гэж асуухаа одоо больчих оо. Худал хэлж хам хэрэгтэн болохоосоо айж байгаа ш дээ тэд нар. Харин “оффшорын мөнгө” нэрээр Монголбанкаар мөнгө хэвлүүлж тараалгавал төгрөгийн ханш 2012-2016 онд 2 дахин унасан түүх давтагдана. Цалин, тэтгэврийнх нь худалдан авах чадвар 2 дахин унасан гашуун туршлагаа Монголчууд мартаагүй, мартах ч үгүй. Байхгүй мөнгийг тараана гэж юу байдаг юм бэ?”
URL: