Оффшороо ойлгоогүй Х.Баттулга
Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын үед айл өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн бариад байгаа. Энэ сэдвийг тойрсон будлиантай асуудал сүүлийн өдрүүдэд өрнөөд байна. Ерөнхийлөгчийн хуулийн төслөөр бол оффшорын мөнгө Монголд орж ирсэн, түүнээс ард иргэдэд хүртээнэ гэсэн агуулга байв. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдэж байгаа, хуулийн төсөл боловсруулж байгаа гэдэг үүднээс энэ бол гуйвашгүй баттай, үнэн мэдээлэл байж таараа. Ард түмэн ингэж итгэнэ. Тиймдээ ч Монголоос хууль бусаар хулгайлсан мөнгийг буцаагаад аваад ирчихэж, ядарсан цагт ард түмэнд туслах нь гэсэн 2 логик олон нийтийг нурууг тэнийлгэж эхэлж байв. Гэтэл энэ худлаа болж таарлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдрөөс эхлэн энэ талаар байр сууриа илэрхийлэх болов. Тэрээр өчигдөр “Оффшорын мөнгө ирж ирээгүй. Орж ирсэн ч хэн дуртай нь шийдчихдэггүй. Шүүх шийднэ” гэсэн утгатай тайлбар хийсэн. Нээрээ ч тийм. Яагаад үүнийг бид бодолцсонгүй вэ. Энгийн хулгайн хэргийг ч цагдаа илрүүлэхдээ шууд хохирогчид өгөөд явуулчихдаггүй шүү дээ. Таниулна, протокол хөтөлнө…. гээд процедур ихтэй. Гэтэл бүхэл бүтэн улсаас улс дамжсан хууль бус их хэмжээний хөрөнгийг Ерөнхийлөгч ч хэн дуртай тэр дор нь зориулалтыг нь шийдчихнэ гэж юу байх вэ. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгч гүрийсээр байна. “Ерөнхий сайд С.Баярын хэрэгт хамсаатнаар оролцсон гэх “Петровис”-ийн Ч.Давааням, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы оффшор дахь мөнгө орж ирсэн” гээд л сануулж байна. Тэр ч бас л процедуртай явах ёстой.
Монгол Улсын мөнгөний санг хариуцаж байгаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаар дахин мэдээлэл өгчээ. Тэрээр “Оффшороос мөнгө орж ирээгүй ээ гэхэд Даваанямын, Дэлгэрсайханы мөнгө орж ирсэн ш дээ… гээд зарим бот, бот шиг цөөхөн хүн сандарч эхэлжээ. Давааням ч тэр, Дэлгэрсайхан ч тэр мөнгөө хувийн эсвэл компаний дансанд оруулсан гэсэн. Төрийн санд оффшор мөнгө орж ирээгүй ээ” гэж дахин анхааруулсан байна.
Энэ хоёр хүний хэнд нь итгэх вэ. Сангийн сайд Монгол Улсын санд орж ирсэн эсэхийг гуйвашгүй үнэнээр л хэлэх ёстой. Үүнд эргэлзэх юм алга. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга маань л будлиантай болоод явчихлаа. Угтаа Монгол Улсын санд орж ирсэн үү, хувь иргэний дансанд уу гэдгийг мэдэх л учиртай. Гэсэн хэдий ч тараана гээд хуулийн төсөл боловсруулчихдаг. Оффшор мөнгөө ойлгоогүй л болж таарч байна уу даа.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР
URL: