ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

136759491_2981629545398002_756215134318413179_o

Монголын улсын ууган байгууллагын нэг зохиолчдын байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 92 жилийн ой болон “Монголын зохиолчдын өдрийн” халуун мэндчилгээг  МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн өмнөөс бүх зохиолч, уран бүтээлчдэдээ хүргэж, амьдралын сайн сайхан, ажлын шинэ амжилтыг ерөөе. Хорь, гучаад оны шалгарсан 17 сэхээтэн нэг дор цуглаж, анхны хурлаа хийж, ”Хувьсгалч зохиолч нарын бүлгэмийг” 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр байгуулан зорилго чиглэлээ тодорхойлж, зохиолчдын бүлгэмийн удирдах зөвлөлийг байгуулан тэргүүлэгчдийг сонгон баталснаар жил бүрийн энэ өдрийг “монголын зохиолчдын өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мөн 1929 ондоо багтааж, “Уран үгсийн чуулган” цоморлигийг 15 хүний 36 зохиолыг оруулж анх хэвлүүлж гаргасан нь утга зохиол, урлаг, соёлын түүхэнд цоо шинэ тэмдэглэлт үйл явдал болсон юм. Өнөөдөр ард түмнийхээ үндэстний оюун санааны сэтгэлгээнд мартагдашгүй үнэт зүйлс, бүтээлч хувь нэмрээ оруулж, шилдэг зохиол туурвилыг бүтээж ирсэн уран зохиолын үе, үеийн гарамгай сэтгэгч, онцгой содон билэг оюунт, соён гэгээрүүлэгчдийнхээ гавьяа зүтгэлийг дурсан бахархаж байна.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд эрхлэн гаргасан “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” хэмээх нэрт эрдэмтэн судлаачдын хамтран бүтээсэн эрдэм шинжилгээний тулхтай томхон бүтээлд “Сономбалжирын Буяннэмэхийг 1929 онд Уран зохиолчдын бүлгэм байгуулах хэрэгт идэвхийлэн зүтгэж, монголын зохиолчдын анхны цоморлиг “Уран үсгийн чуулганыг” хэвлэн гаргах ажлыг гүйцэтгэжээ” хэмээн онцлон тэмдэглэсэн нь нэг намын үзэл суртлын хатуу хяналттай үед, мөн цаг бусын хэлмэгдүүлэлтийг албан ёсоор зөвшөөрөөгүй цагт ийнхүү онцгойлсон нь жирийн хэрэг биш байлаа. Мартагдашгүй мөнхийн алдар гавьяатнууд, суутнууд уран зохиолын салбарт олон бий.
Өнгөрсөн 2020 онд монголынзохиолчдын түүхт 90 жилийн ойг нэг жилийн турш тэмдэглэхдээ төв, орон нутагт олон чухал ажлыг өргөн зохион байгуулж, манай зохиолчид идэвхтэй оролцож ирснийг онцолж байна. Төрөөс Монголын Зохиолчдын эвлэлийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлөөс төлөвлөж, зохион байгуулах олон хэлбэрийн ажил байсан боловч “корона вирус-19” хэмээх онц аюултай цар тахал дэлхий бүх оронд тархаж, манай Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хорио тогтоож байгаа хариуцлагатай хүнд бэрх үед төлөвлөсөн ажил тасалдаж, оны шилдэг номыг шалгаруулдаг “Алтан өд”, богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам, яруу найргийн шилдгийг шалгаруулдаг “Болор цом” уламжлалт уралдаан, шалгаруулалтыг хойшлуулахаас аргагүйд хүрч ирлээ.
Энэ 2021 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолчдын байгууллагыг олон жилийн турш удирдсан, ХХ зууны манлай эмэгтэй зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч С.Удвалын 100 жилийн ой, С.Буяннэмэх, Д.Намдагийн 110 жилийн ой, Монголын Зохиолчдын ээлжит Их хурал, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойнууд тохионо. Эдгээр түүхт их ойнууддаа манай зохиолчид та бүхэн уран бүтээлийн шинэ содон амжилт гаргаж, олон түмнийхээ оюун санаа, үндэсний бахархал, түүх соёлын өвд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
Их зохиолч, манай ард түмний төрүүлсэн оюун билэгт хүү Дашдоржийн Нацагдоржийн тэмдэглэснээр, “Байхгүй юмыг олох хэрэгтэй. Ижилгүй юмыг бодох хэрэгтэй. Онцын юм болох хэрэгтэй” гэсэн уран зохиолчийн ерөнхий утга зарчим, ур чадвар, нийтлэг ой санамж, зөн билэгдэл болохуйц мэргэн содон санаа та бүхэнд чухагийгсануулах бизээ. Ахмад үеийнхээ өв уламжлалыг хүндэтгэн, ирээдүй залуу үеийнхэн зохиол бүтээлээ даяаны хэмжээнд гаргахыг бэлгэдэн ерөөе.
ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ, ШИЛМЭЛ ЗОХИОЛ БҮТЭЭЛЭЭ МОНГОЛ ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛЦГААЯ.
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
До.ЦЭНДЖАВ 2021 оны нэгдүгээр сарын 9-ны өдөр


URL: