Жүжигчин А.Ганчимэг гүрийсэн ч, дүү нь хариуцлага хүлээх нь тодорхой болжээ

46E4E944-53A3-420C-800D-37C835B808C8Хатуу хөл хорионы үеэр жүжигчин А.Ганчимэг нь Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын нэр дээр QR код авч, автомашинаараа хөдөлгөөнд оролцож байсан нь тогтоогджээ гэх мэдээлэл гарсан. Үүнд тэрбээр хариу тайлбар хийсэн ч албаныхны мэдэгдэл түүний тайлбарыг үгүйсгэлээ.
Нэн шаардлагатай нийт 15 салбарын албан хаагчдын автомашинуудад замын хөдөлгөөнд оролцох эрх бүхий QR код олгож, бусад иргэдийн автомашинаар зорчих эрхийг түр хязгаарлаад байгаа билээ. Гэтэл зөвшөөрлийг НЗДТГ-ын нэр бүхий албан тушаалтнууд бусдад бэлэглэсэн, худалдсан гэх хэрэг гарч, албаныхан шалгалтын ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад, тусгай чиг үүргийн байгууллагын нэр дээр гаргасан QR кодыг тус газарт ажилладаггүй, хамааралгүй этгээдүүд ашиглан, замын хөдөлгөөнд оролцож байсан хэд хэдэн тохиолдлыг илрүүлсний нэг нь жүжигчин А.Ганчимэг болон түүний дүү байжээ.
Энэ талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас гаргасан мэдэгдэлд “Харамсалтай нь жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү А.Батмандах нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад ашиглуулсан зөрчил гаргасан тул байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэжээ.
Жүжигчин А.Ганчимэгийн төрсөн дүү А.Батмандах нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа юм байна.
Тэгвэл нөгөө талаас жүжигчин А.Ганчимэг цахим хуудсаараа дамжуулан ийм тайлбар хийжээ.
“Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү өөрийнхөө ажилд унадаг юм. Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юм уу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө  хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо” гэсэн байна.
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын мэдэгдэлээр жүжигчин А.Ганчимэгийн тайлбар ийнхүү үгүйсгэгдлээ.

URL: