Твиттер компани Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаажээ
Капитолын ордонд болсон үймээн самууныг дэмжсэн утгатай хэд хэдэн мэдэгдэл хийснийх нь дараа Твиттер компани АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хуудсыг 12 цагийн хугацаатай хаах арга хэмжээ авчээ. Хэрвээ Трамп үргэлжлүүлэн дүрэм зөрчсөөр байвал хуудсыг нь бүрмөсөн хаахаа тус компани мэдэгдсэн байна.
Твиттер компани уг арга хэмжээг авахаасаа өмнө Трампын бичсэн гурван жиргээг дагагчдад нь харагдуулахгүй болгожээ. Эдгээр нь нийгэмд талцал, хүчирхийллийг уриалсан агуулгатай тул Твиттер компанийн нийтлэлийн бодлогыг зөрчсөн гэж дүгнэсэн байна. Хэрвээ дээрх гурван жиргээгээ устгахгүй бол Трампын хуудсыг үргэлжлүүлэн хаах гэнэ. Дональд Трамп твиттер сүлжээг өөрийн дуу хоолойг цацах хэрэгсэл болгон ашигладгаараа алдартай. Твиттер компани ч түүний хуудсанд тусгай статус олгож, онцгойлон ханддаг байсан юм. Харин нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын шинэ ерөнхийлөгч ажилдаа орсны дараа энэхүү онцгой статусыг нь цуцлахаа мэдэгдээд байгаа. Вашингтонд гарсан үймээн самууны дараа Фэйсбүүк компани бас Трампын тараасан хүчирхийллийг дэмжсэн агуулгатай видеог устгах ажлыг эхлүүлснээ мэдээлжээ.
URL: