Б.Ууганбаяр: Бид шинэ жил тэмдэглээгүй, албан хаагч нараа шагнасан

Улсын онцгой комиссын Шуурхай штабын хамт олон 2020 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр цаг үеийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар мэдээлэхээсээ өмнө дээрх асуудалтай холбоотой тайлбарыг  өглөө. Тэрбээр “Өнгөрсөн сарын 30-ны өдөр үдээс өмнө УОК-ын Шуурхай штаб дотооддоо хурал зохион байгуулсан. Бид бүтэн жилийнхээ ажлыг авч хэлэлцэж ярилцсан. Энэ ярилцлагынхаа төгсгөлд онцгой байдлын байгууллагын албаны зарим шагналаар энэ штабт бүтэн жил болон арван сар ажиллаж байгаа зарим албан хаагч нартаа шагнал гардуулж өгсөн. Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулаагүй. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэсэн үг байдаг. Үүнийг зөв ойлгоорой гэдгийг хэлье” гэв.

Цахим орчинд Шуурхай штабын хамт олныг шүүмжлэхдээ, хөл хорио өөрсдөд нь үйлчилсэнгүй гэдэг байдлаар хандаж, тэд шинэ жилийн баяраа нэлээд нижгэр тэмдэглэсэн бололтой гэсэн пост, сэтгэгдэлүүд нэлээд эрчимтэй түгж байсан юм.


URL: