ХӨСҮТ: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 ажилтан, “Тэнүүн-Огоо” компанийн 3 жолооч, “Ачтан” эмнэлгээс 7, ХӨСҮТ-ийн 5 эмч, ажилтнаас халдвар илэрчээ

Амбасэлмаа

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 41 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Шинэ халдвар бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан байсан бөгөөд бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн “Тэнүүн-Огоо” компанийн хоёр, тусгаарлалтад байсан гурав гээд нийт таван жолооч халдвартай гарсан. Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан учир ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүнд коронавирус илэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан” гэв.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 1349 болжээ.  Үүнээс 887 хүн эдгэрээд байгаа бол 451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.  Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 451 хүн эмчлүүлж байна. Тэдний 3 нь маш хүнд, 13 нь хүнд, 138нь хүндэвтэр, 297 хүн хөнгөн оноштой байгаа аж.


URL: