Вакцинд хамрагдах эхний 10 мянган хүнийг тодорхой болгохоор судалж байна

712-16097588264

Монгол Улсын Засгийн Газар 2021 оны анхдугаар хуралдааны шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар танилцуулах үеэр сэтгүүлчид түүнээс коронавирусын вакцинжуулалттай холбоотой асуудлыг тавьсан юм.

Асуултанд хариулах үедээ Я.Содбаатар: “Монгол улс дархлаажуулалтын хуультай. Уг хуулийн дагуу сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтыг хийдэг. Ер нь бол манай Монгол улс вакцинжуулалтын горим, дэглэм, дэд бүтэц харьцангуй сайн орны тоонд ордог.
 Pfizеr, Moderna компанийн вакцинуудын нэг нь -20, нөгөө нь -70 градуст хадгалах ёстой. Монголд -70 градусын горимд вакцин хадгалах хөргүүрийн нөөц байгаа.
Мөн эхний ээлжинд вакцинд хамрагдах 10 мянган хүнийг нэр ус, салбар байршлаар нь тодорхой болгохоор ажиллаж байна.
Мөн манай улсад байгаа вакцины хөргүүрийн хэд нь ажиллаж байна, хэдийг нь шинэчлэх вэ гэдгийг судалж тодорхой болгоно. ХӨСҮТ, “Био комбинат”-ад байдаг вакцин хадгалах зориулалттай газруудад хэдэн вакцин хадгалах боломжтойг судалж байна.
Вакцинжуулалтыг дагаад  бүртгэл явагдана. Улс орнууд хилээр нэвтрэх хөдөлгөөнөө вакцинтай холбож явах юм билээ. Манай улс ч гэсэн вакцин хийлгэсэн хүмүүсийг иргэний бүртгэл, гадаад паспорттой нь уяна.  2021 оны сүүлийн хагаст вакцин хийлгэсэн хүнийг хилээр нэвтрүүлнэ гэдэг улс орнуудын шийдвэр гарч магадгүй.
ДЭМБ-ийн бүртгэсэн вакциныг Монгол Улс үндэсний бүртгэлдээ бүртгэж байж, хилээр оруулж ирэх эрх  нээгдэнэ. Бид энэ оны эхний улиралд вакцинжуулалтыг хийж эхлэхээр судалж ажиллаж байна” гэв.
Э.Мягмар

URL: