Н.Тавинбэх: Цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг “тэглэх” тухай огт яриагүй

Монгол Улсын Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс төлөх болсон. Үүнтэй холбоотойгоор олон эргэлзээтэй асуудлууд гарч ирсэн. Эдгээр асуултуудад өнөөдөр эрчим хүчний сайд Н.Тавинбэх тайлбар өглөө. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр дээр дурьдсан төлбөрийг “тэглэх” тухай шийдвэрийг одоо хөнгөлөх гэсэн агуулгаар өөрчилж ярих болсон. Хөнгөлөх, тэглэх гэсэн агуулгын ялгаа болон Засгийн газрын ухарсан шийдвэрийн талаар сэтгүүлчийн асуултад салбарын сайд хариулахдаа, “тэглэх” тухай асуудал Засгийн газрын тогтоолд байхгүй. Долоон сарын хугацаанд айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, уур, хогны төлбөрийг төрөөс хариуцахаар болж байгаа. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн нэрийн өмнөөс Засгийн газар төлбөрийг нь төлнө гэсэн үг. Тэглэх тухай огт яриагүй гэдгийг би хэлье гэлээ.

 


URL: